Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Президент” спорт цогцолбор барина

2026-02-28 10:001min
20260228-100026-file.jpeg
“Президент” спорт цогцолбор нь 58 мянган ам метр талбайд 20 гаруй төрлийн спортын үйл ажиллагаа явуулах бөгөөд өдөрт 4500-6000 хүүхэд, залуусыг хамруулах боломжтой. Төслийг Монгол, БНХАУ-ын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.

“Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл, амралтын бүсэд “Президент” спорт цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Тус спорт цогцолбор нь 58 мянган ам метр талбайг хамарч, 20 гаруй төрлийн спортын үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Энэхүү байгууламж нь хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, мөн олимп, тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилтын орчныг сайжруулахад чиглэнэ.

“Президент” спорт цогцолбор нь нэгэн зэрэг 1327 хүнийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 4500-6000 хүүхэд, залуус спортоор хичээллэх боломжтой. Нийтдээ 8000-10000 хүнд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Төслийг Монгол Улс болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм.