Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр эхэлнэ

2026-02-06 12:001min
9362ed37e0051c8a97f7c38583456fba
Милан Кортина 2026 оны өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаа Монголын цагаар 2026.02.06-ны шөнө 03:00 цагт эхэлнэ. Монгол Улсаа төлөөлөн Э.Ариунтунгалаг, А.Ариунбат нар туг барин жагсах юм.

Милан Кортина 2026 оны өвлийн олимпын нээлтийн ёслол Монголын цагаар 2026 оны хоёрдугаар сарын 6-ны шөнө буюу Бямба гаригт шилжих шөнө 03:00 цагт эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааны гол хэсэг нь улс орнуудын баг тамирчид төрийн далбаагаа барин жагсах ёслол юм. Энэ нь тухайн улс бүрэн эрхт, тусгаар улс гэдгээ дэлхий нийтэд илэрхийлэх үйл явдал болдог.

Энэ удаагийн олимпын нээлт анх удаагаа хоёр хотод зэрэг явагдах бөгөөд Милан болон Кортина хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Нээлтийн үеэр Олон улсын олимпын хорооны далбааг мандуулах уламжлалтай бөгөөд энэ жил дараах хүмүүс олимпын хорооны тугийг мандуулах үүрэг гүйцэтгэнэ.

Милан хотод:
– Тадатоши Акиба (Япон), Хирошимагийн захирагч асан
– Ребка Андраде (Бразил), олимпын хоёр алтан медальтай, Бразилын хамгийн амжилттай олимпын тамирчин
– Марям Букар Хассан (Нигерью), уран бүтээлч, яруу найрагч, НҮБ-ийн энх тайвны элч
– Николо Говони (Итали), зохиолч, тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигч
– Филиппо Гранди (Итали), НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар асан
– Элиуд Кипчоге (Кени), хоёр удаагийн олимпын аварга
– Синди Нгамба (Дүрвэгсдийн олимпын баг), дүрвэгсдийн багаас олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчин
– Пита Тауфатофуа (Тонга), зуны болон өвлийн олимпод оролцсон тамирчин

Кортина хотод:
– Франко Нонес (Итали), гүйлтийн цанын анхны олимпын аварга
– Мартина Валчепина (Итали), олимпын гурван удаагийн медальт

Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин А.Ариунбат нар өрсөлдөхөөр болсон байна. Тэднээс Э.Ариунтунгалаг болон А.Ариунбат нар нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг барин жагсах юм.

Э.Ариунтунгалаг нь гүйлтийн цанын төрөлд анх удаа олимпод оролцож байгаа Монголын ганц эмэгтэй тамирчин юм. Харин А.Ариунбат уулын цанын төрөлд олимпын анхны төлөөлөгч нь бөгөөд Монголын спортын түүхэнд шинэлэг амжилт гаргаж буй тамирчин юм.

Ийнхүү хоёр тамирчин Монгол Улсын тугийг барин нээлтийн ёслолд оролцох хүндтэй үүрэг хүлээж байна.