Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит олон улсын сумо бөхийн тэмцээн Токиод эхэлнэ

2026-02-06 13:001min
20260206-130029-file.jpeg
Японы Токио хотод болох Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 16 дахь удаагийн олон улсын сумо бөхийн тэмцээнд манай улсаас өсвөрийн таван тамирчин оролцоно. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Японы Токио хотын “Тоёота Арена”-д маргааш эхэлнэ.

Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд манай улсаас өсвөрийн таван тамирчин оролцохоор Японыг өчигдөр зорив. Тодруулбал, 9 насны ангилалд 33 дугаар сургуулийн сурагч У.Эрдэнэдалай, 10 насанд Баянхонгор аймгийн Д.Дүүрэнсаран, 11 насанд Баянхонгор аймгийн Ц.Хишигбаяр, 12 насанд Хөвсгөлийн Н.Сүнгэрэл, 13-15 насны ангилалд нийслэлийн 115 дугаар сургуулийн сурагч Р.Дэлгэрмөрөн дасгалжуулагч Г.Наранбатын удирдлага дор оролцоно.

Энэ удаагийн тэмцээн анх удаа эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдийн ангилал нэмэгдсэнээрээ онцлогтой бөгөөд эдгээр ангилалд зөвхөн Японы бөхчүүд барилдах юм. Өсвөрийн сумо бөхийн тэмцээнд 20 орчим орны 1000 гаруй бөх оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнд 15 орны 1000 өсвөрийн сумоч оролцсон билээ.