УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын гол зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд болон өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Мөн улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.Володин болон Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна.
УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
