Нийслэлд 32,000 стандартад нийцсэн зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж байна

Улаанбаатар хотын гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин нь агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг юм. Гэр хорооллын айл өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувийг, автомашины утаа 28.9 хувийг, мөн ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрүүд 15.5 хувийг эзэлдэг байна.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 425 борлуулалтын цэгээр нийт 283,949 тонн хатуу түлшийг нийлүүлжээ. Үүнээс энэ жил 210,328 тонн хагас коксон түлшийг хэрэглэсэн байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32,000 зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс мэдээллээ.
Өнгөрсөн 2025 онд гэр хорооллын 32,000 айлд зориулж 28 тэрбум төгрөгийн төсөвтэй зуух худалдаж авах тендер зарласан ч иргэдийн шүүмжлэлийн улмаас тендерийг цуцалсан юм. Харин 2026 оны нийслэлийн төсөвт агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн ашиглалтын шаардлага хангасан зууханд 21.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
