ЕСБХБ Монголд 218 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) 2025 онд Төв Азийн бүс нутаг болон Монгол Улсад нийт 120 төсөлд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус бүс нутаг дахь хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.
Узбекистан улс ЕСБХБ-ны санхүүжилтийн хамгийн том хүлээн авагч болж, 1 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө татсан бол Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан улсууд тус бүр 440 сая, 218 сая, 212 сая, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан байна.
ЕСБХБ-ны санхүүжилтийн гуравны нэг нь тогтвортой дэд бүтцийн төслүүдэд, мөн гуравны нэг нь жижиг, дунд бизнес, эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөөцийн үр ашигт байдлыг сайжруулахад чиглэсэн зээлд зарцуулагджээ.
Төв Азийн бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниудад зориулсан зээлийн хэмжээ нийт санхүүжилтийн 15 хувийг эзэлсэн байна.
Монгол Улсад ЕСБХБ “Ногоон хотуудын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд Улаанбаатар хотод зүрх судасны чиглэлээр мэргэшсэн эмнэлэг барихад зориулан 34.9 сая ам.долларын төрийн баталгаатай зээл олгохоор төлөвлөжээ.
Мөн “Залуучуудын бизнес” хөтөлбөрийн хүрээнд ХасБанканд 147 сая ам.долларын A/B зээл олгосон нь Монгол дахь хамгийн том гүйлгээ болсон байна. Хаан Банканд олгосон 20 сая ам.долларын зээл нь Төв Азийн хөдөө аж ахуйн бизнест зориулсан анхны тусгай санхүүжилт бол, Голомт Банканд олгосон 20 сая ам.долларын санхүүжилт эмэгтэй, залуу бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэжээ.
ЕСБХБ-ийн “Эмэгтэйчүүдийн бизнес” хөтөлбөрөөр сүүлийн арван жилийн хугацаанд Төв Азийн бүс нутгийн 100,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид нийт 365 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд 17,000 гаруй эмэгтэй зөвлөгөө, сургалт, менторшипийн үйлчилгээнд хамрагдсан байна.
ЕСБХБ нь Төв Азийн бүс нутаг дахь хамгийн том институцийн хөрөнгө оруулагч бөгөөд өнөөг хүртэл 1,250 төсөлд нийт 21 тэрбум еврогоос дээш санхүүжилт олгосон байна.
