Гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс нимгэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2024 оны 1 дүгээр сарын байдлаар ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон байна. Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан болсон ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна.
Он гарснаас хойш Онцгой байдлын ерөнхий газарт “Гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн” гэсэн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх төлөвтэй байгаа ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг зөвлөж байна.
Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын орчим тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
