Монголчуудын ашиг орлого, төгрөг мөнгө олдог ганц салбар бол мал аж ахуй. 60 гаруй сая малтай хэрнээ хэрэглээний махны үнэ нь жил ирэх тусам улам нэмэгдсээр байдаг манай орны хувьд мал, махтай холбоотой асуудал эмзэг, чухал сэдэв. Энэ хавар л гэхэд нэг кг үхрийн мах 15000 төгрөг хүрч олныг цочроов. Гэхдээ энэ малчдын буруу биш. Ченж систем л ийм байдалд хүргэсэн хэрэг. Энэ бол зөвхөн нэг л жишээ.

Ноос, ноолуур, мал, махны худалдаа, цаашлаад малчдын эрх ашиг гээд яривал их юм бий. Уг нь малчдаа дэмжээд өгчихвөл мал аж ахуй сэвхийгээд л босоод ирэх салбар. Энэ салбар өндийчихвөл наад зах нь махны үнэ буурч, нийт монголчууд амьжиргаандаа тохирсон хэрэглээтэй болоод явчих гээд байдаг.

Мал амьдаар нь экспортлох тухай асуудал сая нэг хэсэг олны анхаарлын төвд орж, малчид “Амьжиргаа дээшлэх нь” гэж олзуурхаж байв. Малыг амьдаар экспортлохтой холбоотой Засгийн газраас гурван удаагийн тогтоолыг батлаад байгаа юм. Тодруулбал, 2017 онд 142, 284, 2018 оны 318 дугаар тогтоолыг тус тус баталж, малыг амьдаар нь экспортлохтой холбоотой хорио цээрийн бүс байгуулах, Монгол, Хятадын мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрийг гаргасан. Хамгийн сүүлд Засгийн газрын 318 дугаар тогтоолд үржлийн бус бог мал буюу нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгаад байгаа юм. Харамсалтай ч сошиалд идэвхтэй цөөхөн хүний ямар ч үндэслэлгүй эсэргүүцлээс болж мал экспортлох том төслийн ажил зогсонги байдалд орчихлоо.

Энэ төсөл ажил болчихвол нөөцийн махаа төрөөс мөнгө төгрөгийн дэм хүсэлгүйгээр бэлдээд авах боломж байна. Нөөцийн махтай бол нийслэлчүүд жил бүрийн хавар үнэтэй мах авах гэж халаасаа сэгсрэхгүй. Мал, махны экспорт амжилттай хийгдээд байвал нийслэлчүүд жилийн турш хямд мах хэрэглэх боломжтой.
Ингэхдээ төр засагт ямар ч дарамт үзүүлэхгүйгээр нөөцийн мах бэлтгэх асуудлыг зөвхөн экспортлогчдод даалган, хоёр ч аргаар шийдэх гарц байна.

ЭХНИЙ ШИЙДЭЛ:
Төр мах боловсруулж экспортолдог болон үржлийн бус бог мал амьдаар нь экспортолдог компаниудаас татвараа авдгаараа аваад нэмээд экспортолж байгаа махны килограмм тутамд нь хураамж тавих арга.

-Ингэхдээ мах боловсруулж экспортолдог компаниудын нэг кг мах тутамд 250 төгрөгийн хураамж авъя.

– Харин үржлийн бус бог мал экспортлохдоо амьдын жингийн нэг кг тутамд 5000 төгрөгийн хураамж тавчихъя.

Тэгэхээр Монгол Улс өнгөрсөн жил 72.000 тонн боловсруулсан мах экспортолсныг нэг кг-ыг нь 250 төгрөгөөр тооцоход 18 тэрбум төгрөг. Харин 3 сая бог мал экспортоллоо гэж үзвэл 15 тэрбум төгрөг болж байна.

Экспортлогчдоос олсон энэхүү нэмэлт эх үүсвэр болох 32 тэрбум төгрөгөөр нийт 7 мянган тонн нөөцийн мах бэлтгэх боломж байна.

Манайх уржнан жил 8000 тонн нөөцийн мах бэлдэж байсан. Тухайн үед илүү гарсан учраас өнгөрсөн онд 4000 тонныг бэлдсэн нь хаанаа ч хүрээгүй дуусч, хомсдол үүсэн, үнэ хөөрөгдсөн.

Тэгэхээр манай улсын нөөцийн махыг дунджаар 6000-7000 тонн гэж үзвэл дээрх хураамжийн мөнгөөр хангалттай махаа нөөцлөөд махны үнийн өсөлт гэсэн зовлонгүй амьдрах боломж байна.

ХОЁР ДАХЬ ШИЙДЭЛ: Хоёр дахь шийдлийн хувьд үржлийн бус бог мал экспортлохдоо нийт малын 10 хувьд нь нөөцийн мах бэлтгэх үүрэг өгөх юм. Тодруулбал жилд нийт 3 сая бог мал жилд экспортоллоо гэж тооцвол 300 мянган малыг нөөцийн махад бэлтгэх боломж үүснэ.

Энэ нийслэлчүүдийн хувьд бүүр ч хожоотой юм. Учир нь олон улсын стандартын шаардлага хангасан хорио цээрийн бүсэд 45 хоног зориулалтын тэжээлээр тэжээгдэж, эрүүлжсэн малын махыг 2000-3000 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрднэ гэсэн үг.

Төр бол ухаалаг менежерийн үүрэг гүйцэтгэх учиртай. Төр дээрх зохицуулалтыг хийгээд гол нь эрүүл, цэвэр хадгалах агуулах саваа бэлдчихэд л болно гэсэн саналыг мэргэжлийн хүмүүс гаргаад байна.

Эцсийн бүлэгтээ малыг амьдаар экспортлох шийдвэр мал аж ахуйн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй хамгийн зөв, ашигтай шийдэл гэдгийг хүн бүр хэлж байгаа. Мал мах, ноос ноолуурын үнэ жил жилийн хавар, намарт шалдаа буутал унадаг, малчин хүний бүтэн жилийн хөдөлмөр юу ч үгүй үрэгддэг нь өнөөгийн бодит байдал. Дахин хэлэхэд мал аж ахуй бол монголчуудын амьжиргааны эх үүсвэр байсаар ирсэн уламжлалт аж ахуй. Тэр утгаараа төр засгийнхны анхаарахаас аргагүй өнцөг.

Эцэст нь онцлоход сонгуулийн насны нийт хүн амын 40 хувийг малчид эзэлдэг гэсэн статистик бий. Малчид тойргоосоо сонгогдсон гишүүнээ “Бидний амьдралд хэрэгтэй ямар шийдвэр санаачилж, батлах нь вэ” гэж нүд салгалгүй анхааралтай ажиглаж суудаг хэсэг.

Товчхондоо сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг болох малчдын хувьд ахуй амьдралд нь нэмэртэй шийдвэр гаргасан хүмүүсийг л дараагийн УИХ-д сонгох нь гарцаагүй үнэн.

Эх сурвалж: Өдрийн сонин

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Малаа ч экспортолъё, нөөцөө ч үнэгүй бэлдье”
  1. Зөв зөв дэмжиж байна. Ямаануудаа бүгдийг махлаад хятад руу гаргах хэрэгтэй. Бэлчээрийн дайсан

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн