Аргалыг эмчилж ариутгах үйлд ч ашигладаг. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас малчид хир баргийн өвчинд нэрвэгддэггүй.
Юан гүрний үед гадна дотнын хүмүүсийг аргалын галын утлагын дундуур явуулж, ариутган цэвэрлэж угтан оруулдаг байв. Монголчууд хүүр онгон дээрээс ирэхдээ гар нүүрээ аргалын утаанд ариулж байгаад гэртээ ордог.
Аргалд ариусгах олон шинж бий. Сан утаа тавьж, ялаа батгана хөөж, хорхой шавж арилгаж, хороо хашаа ариутгадаг. Эд бодис, хувцас хунар, сав суулга, аяга савхаа үргэлж аргалын галд ариулдаг. Шинэ махны үнэр хувирахаас сэргийлэн аргалаар утлага тавьдаг.
Ядарсан мал, тамирдсан хүнийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж уурт нь утдаг байжээ. Ингэснээр гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байна.
Тэр ч байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай.
Монголчуудын харших өвчинд нэрвэгдэх хүний тоо нь Япончуудаас 5 дахин бага, монголчуудын харших чанартай өвчинд нэрвэгдэх норм нь дэлхий дээр хамгийн бага байдаг. Энэ нь мөн монголчууд багаасаа аргалын утаан дунд өсөж торнисонтой нягт холбоотой гэж шинжлэх ухаан үзэж байна.