Хиймэл оюун суурилсан камерын системээр 404,880 зөрчил илрүүлжээ

2024 оны эхний улиралд хиймэл оюунд суурилсан ухаалаг камерын системээр 404,880 зөрчил илрүүлжээ. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах” зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн байна.
ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугийн мэдээлснээр, 2024 оноос авто замын камержуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2025 оны хоёрдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд иргэдэд нийт 25 сая сануулах зурвас илгээсэн бөгөөд үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурч байгааг тэмдэглэжээ.
Тухайлбал, 2025 онд өдөрт дунджаар 82 мянган зөрчил бүртгэгдэж байсан бол одоо өдөрт 65 мянга болж буурсан байна. Иргэд зөрчил шалгуулж байгаа тохиолдол бүрийг торгуулсан гэж ойлгох нь түгээмэл боловч шалгалт бүр торгуулийн шийтгэлтэй холбогддоггүй гэдгийг онцолсон.
Мөн 150 уулзварт камержуулалт бүрэн хийгдсэн бөгөөд уулзваруудад 10 гаруй төрлийн камер байрлуулан зураг, бичлэгийн бүрэн мэдээлэл цуглуулж байгаа аж. Камерын системд хадгалагдсан бичлэгийг холбогдох албан тушаалтнууд хянаж ажилладаг байна.
Гэрэл дохионы хугацааг секундээр нарийвчлах талаар ажиллаж байсан ч богино хугацааны дохио нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул тоолуурыг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 10 байршилд тоолуур ажиллаж байна гэж мэдээлэв.
