Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайдтай уулзав

2026-01-16 12:301min
20260116-123042-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковтой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсанд талархаж, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинаас шинэ жилийн баярын мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжлахыг хүсэв.

Тэрбээр 2025 онд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ амжилттай болсон гэдгийг онцолж, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон арга хэмжээнүүдийг Элчин сайдтай хэлэлцэв.

Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг монгол, оросын тал соёрхон баталсанд талархал илэрхийлж, ойрын хугацаанд бусад гишүүн улс ч мөн соёрхоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихээс гадна иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Түүнчлэн 2025 оны арван хоёрдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, найдвартай, тогтвортой хангах, мөн баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны асуудлаар тохиролцсон талаар дурдав.

Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэхээр соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгдэв.