Яаралтай тусламжийн 112 дугаарлалт нэгдсэн системд шилжиж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалтад шилжих бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа.
Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улсын хэмжээнд яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед, үүрэн холбооны сүлжээ үл харгалзан хаанаас ч цаг алдалгүй хүлээн авч, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.
112 тусгай дугаарт шилжсэнээр дүрст дуудлага хийх, байршил тогтоох (дуудлага өгсөн иргэний зөвшөөрлийн дагуу), мессеж дуудлага авах, гадаадын иргэдээс дөрвөн хэл дээр дуудлага хүлээн авах, анхны тусламжийн видео зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Мөн гар утасны 102 аппликэйшн ашиглан дуудлага өгөх зэрэг зургаан төрлийн боломж нээгдэхээс гадна цагдаа, онцгой байдал, эмнэлэг, уулын холбооны тулгуур цэгүүдийг шилэн кабелиар холбох ажлууд хийгдэж байна.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь өдөрт дунджаар 8500 дуудлага хүлээн авч, жилд 3 сая гаруй дуудлага мэдээлэл хийгддэг байна.
