Улаанбаатарт хиймэл оюунаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх систем ажиллаж эхэллээ

2026-01-07 08:001min
20260107-080038-file.jpeg
Улаанбаатар хотод хиймэл оюунаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем энэ сарын 1-нээс ажиллаж эхэлсэн бөгөөд эхний зургаан хоногт 6,800 орчим зөрчил бүртгэгдсэн байна.

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод хиймэл оюунаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн байна.

AI-д суурилсан энэхүү системийн хүрээнд гэрлэн дохиотой 176 уулзвар, ялангуяа явган хүний гарц, гурав болон дөрвөн замын уулзваруудыг хамруулсан камер суурилуулжээ. Камержилтын систем дугаар халхалсан тээврийн хэрэгслийг бодит цагийн горимоор илрүүлж, шууд арга хэмжээ авдаг.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг уутаар бүрхэх, халхлах, эсвэл стандартын дагуу байрлуулдаггүй тохиолдолд AI систем дугаарыг таньж чадахгүй бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн байгууллагад мэдээлдэг байна. Танигдаагүй дугаарын мэдээлэл нь дараагийн уулзварууд руу дамжиж, тухайн чиглэлд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад шууд хүрдэг аж.

Дугаар танигдахгүй байгаа нь торгууль ногдуулахгүй гэсэн үг биш бөгөөд дугаарын стандарт зөрчсөн үндэслэлээр холбогдох арга хэмжээ авдаг байна. Мөн дугаар бүдгэрсэн, шүршсэн эсвэл стандартын бус байршилтай тохиолдолд AI систем зөрчлийг илрүүлэн холбогдох албан тушаалтанд шилжүүлдэг.

Систем хэрэгжиж эхэлсэн эхний зургаан хоногт нийт 6,800 орчим зөрчил бүртгэгдэж, үүнээс 6,300 орчим нь иргэдэд зөрчил болж очжээ. Өдөрт дунджаар 20 гаруй дугаар халхалсан зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж байгаа бөгөөд энэ төрлийн зөрчил мэдэгдэхүйц буурсан байна.

Өмнөх үеийн системтэй харьцуулахад AI системийг хагас жилийн туршилтын хугацаанд өдөрт 70 мянга орчим мэдээлэл иргэдэд илгээдэг байсан бол одоо торгуулийг бодитоор хэрэгжүүлж эхэлснээр өдөрт 1,000-2,000 зөрчил болж буурсан байна.

AI системээр илрүүлсэн зөрчилтэй холбоотой гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авч шалган шийдвэрлэдэг бөгөөд торгууль ногдуулах, цуцлах эрх зөвхөн цагдаад хамаарна. Зарим иргэд “Шалгагдаж байна” гэсэн мессежийг торгууль гэж буруу ойлгодог ч энэ нь зөрчлийг шалгаж байгаа гэсэн утгатай бөгөөд үндэслэлгүй бол цуцлагддаг.

Одоогоор AI систем гэрэл дохио зөрчих, зохих эгнээ бариагүй, замын тэмдэг, тэмдэглэгээг зөрчин эгнээ солих, буруу эгнээгээр зорчих зэрэг зөрчлийг илрүүлж байна. Цаашид уулзвар руу орох хориотой үед нэвтрэх, явган хүний гарц дээр зогсох, түр зогсохыг хориглосон хэсэгт зогсох зэрэг нийт 10 орчим төрлийн зөрчлийг үе шаттайгаар нэмэхээр ажиллаж байна.