Төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шинэ жилийн шоу болно

2025-12-31 14:011min
20251231-140120-file.jpeg
Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө-2025" шоу тоглолт болох бөгөөд олон улсын болон үндэсний алдартнууд оролцоно. Цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөх юм.

Арванхоёрдугаар сарын 31-ний 21:00 цагт төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” нэртэй шинэ жилийн шоу тоглолт болно.

Энэхүү арга хэмжээг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр тогтжээ.

Тоглолтод 2025 оны 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцоно.

Мөн ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар оролцох юм.

2015 оны UBS телевизийн “My Voice” тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт дуучин Иозеф Червенка Мишээл, Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, “One Championship” холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил, мөн Netflix-ийн Physical Asia шоунд оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцоно.

Түүнчлэн Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомуудыг өргөсөн The MongolZ багийн гишүүд оролцох аж.

Поп дива Төмөрийн Ариунаа болон “The HU” хамтлаг ая дуугаа өргөж, шинэ оныг хамт угтах юм.

Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахад 400 сая төгрөг төсөвлөсөн байна.