Засгийн газар 2026 он хүртэл үйлчилгээний тариф нэмэхийг хориглов

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна.
Хуралдаанаар 2026 онд төрөөс үзүүлдэг ус, цахилгаан, дулаан зэрэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, агентлагийн дарга, засаг дарга нарт хориглох шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуульд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.
Б.Пунсалмаагаас санаачлан боловсруулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг мөн хэлэлцэж байна.
Түүнчлэн “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны тогтоолын өөрчлөлт, “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Олон улсын инженерийн сургууль байгуулах тухай”, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Музей өөрчлөн байгуулах тухай”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай”, “Улсын аялал жуулчлалын бүс тогтоож, хилийн заагийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
