Засгийн газар 2026 оны эдийн засгийн төлөвлөгөө, нийгмийн халамжийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэхүү төлөвлөгөөгөөр төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгожээ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудад татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг зөвлөж, хэрэгжилтэд хяналт тавихыг даалгасан байна.
Статистикийн мэдээллээр эдийн засгийн өсөлт 5.9 хувь, инфляци 8.2 хувь, Төв банкны зорилтот түвшний орчимд байгаа бөгөөд төлбөрийн тэнцэл ашигтай, гадаад валютын улсын нөөц 6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдсан ба уул уурхайн салбар III улиралд сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр орлого сайжирч, импортын өсөлт саарсан нь урсгал дансны алдагдлыг тогтворжуулсан байна.
2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулахаар тогтоож, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ тус тус 769,000 төгрөг, 652,400 төгрөг болж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлжээ. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэдэд олгох тэтгэвэр сард 478,000 төгрөг, бусад нийгмийн халамжийн тэтгэврийг 432,000 төгрөгөөр тогтоосон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2026 онд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага юм. Үзлэг, тооллогын зардлыг холбогдох байгууллагууд 2026 оны төсөвт багтаан санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтран Хүннү хотод Инженерийн олон улсын сургуулийг байгуулж, 2026 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Товч мэдээнд, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаагаар Монгол Улсад визийн шаардлагаас чөлөөлж байсан хугацааг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.
