Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийн 300 хоногийн төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, иргэдэд үр өгөөжийг нь хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг баталлаа гэж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэв. Тус төлөвлөгөө нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд инфляцийн дарамтгүй тогтвортой орлоготой иргэн, бизнесийн эрх чөлөөг хангах үйл ажиллагаа, хариуцлагатай, хэмнэлттэй төрийн үйл ажиллагаа, сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засаг багтсан байна.
Төлөвлөгөөнд нийт 80 гаруй ажил багтсан бөгөөд инфляцийн дарамтыг бууруулах, нийгмийн тодорхой бүлгийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна. Тухайлбал, малчдын орлогыг тогтвортой байлгах, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд шууд нийлүүлэх, ноолуурын эрэлтийг тогтвортой байлгах, арьс ширний экспортыг дэмжих ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эмч, багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх юм. НӨАТ-ын шаталсан тогтолцоог сайжруулах, буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ ч тусгасан байна.
Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хуримтлагдсан ашгаас 1.8 сая иргэнд, үүнд 1.3 сая хүүхэд, 400 гаруй ахмад настан, 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтана, нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөг болгосон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлж, 478 мянган төгрөг болгожээ. Бусад тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэх бөгөөд эдгээр нэмэгдлүүд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
