Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттай олгоно

2025-12-31 15:301min
20251231-153047-file.jpeg
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг баталж, инфляцийн дарамтыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг тусгалаа.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг иргэдэд хүргэх зорилгоор 300 хоногийн ажлын төлөвлөгөөг баталлаа гэж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэв. Тус төлөвлөгөө нь инфляцийн дарамтгүй тогтвортой орлоготой иргэн, бизнесийн эрх чөлөөг хангах, хариуцлагатай төрийн үйл ажиллагаа, сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засаг гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж, нийт 80 гаруй ажлыг багтаасан байна.

Төлөвлөгөөнд инфляцийн дарамтыг бууруулах, нийгмийн тодорхой бүлгийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд багтсан бөгөөд малчдын орлогыг тогтвортой байлгах, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд шууд нийлүүлэх, ноолуурын эрэлтийг тогтвортой байлгах, арьс ширний экспортыг дэмжих зэрэг чиглэлд анхаарах аж.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эмч, багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх юм. НӨАТ-ын шаталсан тогтолцоог сайжруулах, буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг мөн тусгасан байна.

Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хуримтлагдсан ашгаасаа 1.8 сая иргэнд, үүнд 1.3 сая хүүхэд, 400 гаруй ахмад настан, 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж, нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттай олгохоор болсон байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөг болгон, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлж 478 мянган төгрөг болгожээ. Бусад тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэх бөгөөд эдгээр нэмэгдлүүд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.