Нийт 884 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр нэмнэ

УИХ-аас Монгол Улсын 2026 оны төсвийн хууль болон холбогдох бусад төслүүдийг баталсантай холбоотойгоор, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2025.11.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын 2026 оны төсөв хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдлаа. Ирэх онд эдийн засгийн өсөлт 5.7 хувиар өсч, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй бөгөөд энэ нь хөгжлийн төлөвлөгөөг хангахад бүрэн дэмжлэг үзүүлсэн байна.
Төсвийн алдагдал өмнө нь ДНБ-ийн 1.5 их наяд төгрөг байсан бол, УИХ энэ хэмжээг 1.1 их наяд төгрөг болгоод баталлаа. Төсвийн орлого 31.9 их наяд, урсгал зардал 24.9 их наяд, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөгөөр батлагдсан бөгөөд өөрчлөлт ороогүй байна.
Төсвийн саналын дүнг хэлэхэд, гишүүд болон ажлын хэсгүүдийн саналын үр дүнд нийт 1 их наяд 351.3 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон бөгөөд үүнээс 884 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдсан байна. Мөн бусад зардалд 80-аад тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон.
Ирэх арванхоёрдугаар сарын 5-нд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой бөгөөд шинэ оны эхэнд шинэ төсвийн хууль хэрэгжиж эхлэх юм. Нийт хөрөнгө оруулалт 3.2 их наяд төгрөг бөгөөд өмнөхөөс 12 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газрын өргөн барьсан төсөл 149 байсан бол батлагдахад 296 болж, 147 төсөл нэмэгдсэн байна. Санхүүжих төсөв 500 тэрбум төгрөг бөгөөд 2027, 2028 онд нийт өртөг 4.6 их наядаар нэмэгдэх төлөвтэй.
Боловсролын салбар ажил хаяж, эрүүл мэндийн салбар үргэлжилж байна. Төсөв батлах үйл явц хүнд нөхцөлд явагдсан ч, салбар болон нийгмийн шаардлагад үндэслэн өөрчлөлт хийсэн. Ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьж, цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулсан. Засгийн газар батлагдсан төсвөө хүлээж аваад, 2026 оны ажилдаа орох бэлэн болсон гэв.
