Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр худалдаалж эхэлсэн ч дуусжээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100,000, 130,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна.
Тасалбарыг өнөөдөр буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэллээ.
Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80,000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.
Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:
Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулагдаж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл eNaadam.mn сайтад хадгалагдсан.
Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой.
Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.
Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:
Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.
Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг өнөөдөр 07:00 цагт www.enaadam.mn сайтаар худалдаалж эхэлсэн ч 08:02 цагийн байдлаар дууссан харагдаж байна.
Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах боломжтой байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс