2025-07-01 13:381min00

Тайландад олон мянган хүн жагсаж, Ерөнхий сайдаа огцрохыг шаарджэ

itium

Бангкок хотод олон мянган хүн цуглаж, Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватрыг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал хийлээ. Жагсаалын шалтгаан нь түүний Камбожийн хуучин удирдагч Хун Сентэй хийсэн утасны ярианы бичлэг алдагдсан явдал байв.
Хилийн маргаантай холбоотой уг ярианд Паэтонгтарн Хун Сеныг “авга ах” хэмээн дуудаж, уг асуудлыг хариуцаж байсан Тайландын цэргийн командлагчийг “ганцхан өөрийгөө гоё харагдуулах гэж хэрэггүй зүйл хэлсэн” хэмээн ярьсан байна.

Энэхүү яриа олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, Ерөнхий сайд уучлал гуйсан ч “энэ бол хэлэлцээ хийх арга барил байсан” хэмээн тайлбарлаж байгаа аж.

Бямба гарагийн жагсаал нь 2023 онд Пыү Тай нам засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ болжээ. Олон мянган хүн борооны улирлын дунд зам хааж, Бангкокийн Ялалтын хөшөөний орчим Тайландын төрийн далбааг даллаж, “Ерөнхий сайд бол төрийн дайсан” гэх зэрэг уриатай самбар барьжээ.

38 настай Паэтонгтарн бол 2006 онд төрийн эргэлтээр огцорсон Ерөнхий сайд Таксин Шинаватрын охин билээ. Тэрээр Ерөнхий сайдын албан тушаалыг ердөө 10 сар хашиж байгаа ба Тайландын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд юм. Эхнийх нь түүний авга эгч Инглак Шинаватр байсан билээ.

Ирэх мягмар гарагт Үндсэн хуулийн шүүх Паэтонгтарныг мэргэжлийн бус үйлдэл гаргасан хэмээн үзэж огцруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Эх сурвалж: Itoim.mn