Парапауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-21 өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотод зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд нийт 77 орны 2700 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцсон. -80 кг жинд Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас 28 дугаар байр, -107 кг жинд МУГТ Э.Содномпилжээ 20 орны 22 тамирчдаас алтан медаль хүртэж дэлхийн аварга болжээ. Тэрбээр энэ амжилтаараа дэлхийн аварга болоод зогсохгүй өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг (өмнө нь 244 кг-ыг шахаж байв) шинэчилжээ. Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулсан байна.

ПНХ-ны нарийн бичгийн дарга дасгалжуулагч багш: Д.Баттулга: Казахстан улсад болсон энэхүү тэмцээн Олимпын дараа ордог томоохон тэмцээн юм. Энэ тэмцээнд манай Э.Содномпилжээ амжилттай сайхан оролцож түрүүллээ. Тэрбээр дэлхийн рекордыг 3 кг ахиулж 247 кг болголоо. Өрсөлдөөн бол маш ширүүн байсан дандаа өндөр зэрэглэлийн нэг жингийн тамирчид өрсөлдсөн. Тийм учраас халаалтаас авахуулаад бүгд өрсөлдөөн байлаа.

МУГТ Э.Содномпилжээ: Бэлтгэл хийж байхдаа цээжин дээрээ 260 шахдаг байсан. Тэмцээнд орж байх энэ бол өөрчлөгдөнө. Яагаад гэхээр тактикын асуудал дараа дараагийн тэмцээнд орохдоо өөрийгөө нөөж байгаа юм. Би 2020 оны Токиогийн олимпд хамаг хүчээ гарна. Парапауэрлифтингийн спорт бол ганц хүч тамирын спорт биш. Тайзны ард л жинхэнэ өрсөлдөөн болж байдаг. Жин захиалж өргөнө гэдэг бол маш том тактикийн асуудал юм. Тиймээс өрсөлдөж буй улс орнуудын дасгалжуулагч, тамирчид тэнд оюун ухаанаа уралдуулдаг.

Дэлхийн аварга Э.Содномпэлжээгийн анхны багш ОУ-ын хэмжээний мастер, дасгалжуулагч Ш.Энхсайхан агсаны дурсамжаас:

Э.Содномпилжээ 14 настай байхдаа спортын гараагаа эхэлжээ. 47 килограмм жинтэй туранхай, нөхөр хүндийг өргөлтөөр хичээллэнэ, таны шавь болъё гээд ирэхэд нь Ш.Энхсайхан багш “За энэ хүүхэдтэй яажшуухан ажилладаг юм билээ” хэмээн бодож байсан гэдэг. Дандаа насанд хүрэгчидтэй ажиллаж байсан хүний хувьд хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэхэд тулгамдсан нь мэдээж. Ингэж багш, шавь хоёр анх танилцаж байжээ.

Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхан агсан “Ардын эрх” сонинд нэгэн удаа өгсөн ярилцлагадаа шавийнхаа тухай “Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсч байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог” хэмээн хуучилсан нь бий. Мөн тэрээр “Бид хоёр 2020 оны Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ хэмээн амласан” хэмээн итгэл төгс хэлсэн байдаг.

Б.Энхмаа

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Дэлхийг өргөсөн Монгол хүчтэн: Баяртай уулзъя ТОКИО”
  1. Anhnii bagsh Enkhsaihand talarhah heregtei. Garaa sain bol baria sain gedeg. Amjilt husie.Zaluuchuudad ulger duurialtai setgeliin hattai sain zaluu bnaaa

  2. Ulam ih amjilt gargaarai. Zaluuchuudad alivaa zuild neg setgeleer shantralgui zutgevel undurlugt hurch bolohiug yaruu tod haruulj bui huu.

Irgeb-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн