Монгол Улс 2013 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орж, улмаар энэхүү жагсаалтаас гарахын тулд мөнгө угаахтай тэмцэх талаар хууль, эрх зүйн орчноо сайжруулах хүрээнд зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаар 2014 оны зургадугаар сард тус жагсаалтаас хасагдаж байсан түүхтэй.
ФАТФ бол мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авдаг байгууллага. ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж, түүний хэрэгжилтийг үнэлэх, санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ.
Сүүлийн үед Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа талаар ярьж эхэллээ. Тиймээс манай улсын мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаа, нөхцөл байдал болон ФАТФ-ын зөвлөмжүүдийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяатай ярилцлаа.
-Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал хэзээнээс яригдаж эхэлсэн тухай яриагаа эхлүүлье?
-Монгол Улс 2004 онд ФАТФ-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, номхон далайн бүсийн байгууллагын гишүүн улс болж, улмаар 2006 оны 7 дугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимжиж байгаа.
Анх 2006 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд анхны харилцан үнэлгээг хийснээс хойш хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг 2016 онд Ази, номхон далайн бүсийн байгууллагаар дамжуулан хийсэн.
2016 онд хийгдсэн Харилцан үнэлгээгээр ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20 зөвлөмжийн хэрэгжилтэд хангалтгүй, бодит байдал дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх Үр дүнтэй байдал /Шууд хэрэгжилт/ – ын 11 үзүүлэлтээс 11 үзүүлэлтэд хангалтгүй үнэлгээг Монгол Улс авсан. Үүнтэй холбогдуулан 2017 онд Монгол Улсыг Өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтад оруулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүний хэрэгжилтийг ирэх найм, есдүгээр сард болох Ази, номхон далайн бүсийн байгууллагын ээлжит жилийн хурал, ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурлаар хэлэлцэнэ.
Өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтын хугацаанд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлууд нилээд байгаа, цаашид хийх ажил ч мөн их бий. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газар, прокурор, улсын бүртгэл, гааль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг сайжруулах, хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, энэ чиглэлээр нилээд ажлууд хийж байгаа.
-ФАТФ-ын 40 зөвлөмж, Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?
-ФАТФ бол Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй 37 улс орон, 2 олон улсын байгууллагыг эгнээндээ багтаасан байгууллага. Энэ байгууллагын зорилго нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон олон улсын санхүүгийн системийн эрүүл, шударга байдалд учирч буй холбогдох бусад аюул эрсдэлтэй тэмцэхэд чиглэсэн хууль эрх зүйн, бодлогын, зохицуулалтын болон үйл ажиллагааны гэх мэт аливаа үр дүнтэй арга хэмжээний талаарх стандартыг тогтоох, үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд ФАТФ-ын 40 зөвлөмж буюу стандарт бий болж, гишүүн орнууд дотоодын хууль тогтоомждоо энэхүү стандартыг тусган дагаж мөрдөж байна.
Харин Үр дүнтэй байдлын буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн тухайд ФАТФ аливаа улс орныг үнэлэхдээ тухайн улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын үр нөлөө, хууль эрх зүйн орчны бодит байдалд дээрх хэрэгжилтийг энэхүү 11 сэдэвчилсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг.
Тэгвэл манай улсын хувьд түрүүн хэлсэнчлэн ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20 зөвлөмжийн хэрэгжилтэд хангалтгүй, Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээс 11 үзүүлэлтэд хангалтгүй үнэлгээг авсан байгаа.
-Манай улс Харилцан үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авч, Өргөтгөсөн эрчимтэй хяналтад байна. Үүнээс гарах, үнэлгээг ахиулах боломж бидэнд бий юу, ямар арга хэмжээ авч байгаа вэ ?
-Дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, бодлого боловсруулан хэрэгжүүлж, бодлогын болон үйл ажиллагааны түвшинд төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд үндэсний тогтолцоог бүрдүүлэн олон улсын хэмжээнд хамтран ажилласаар байна.
Ингэснээр улс орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцээд зогсохгүй өөрсдийн санхүүгийн системийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалснаар ФАТФ-ын хар, саарал жагсаалтад орох эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон улсын системд нэвтрэх боломжтой болох юм.
Тийм учраас мөнгө угаах, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх гэх зэрэг эдгээр үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь Монгол Улс төрийн бодлогын түвшинд авч үзэн, анхаарал хандуулах асуудал юм.
Манай улс 2016 онд хийсэн Харилцан үнэлгээнээс хойш нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчилсэн, эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд журам, заавар, аргачлал, гарын авлага гаргасан, сургалт, семинар, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан, хяналт шалгалтууд хийсэн, дотоодын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг өргөжүүлсэн, 15 сарын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хөтөлбөрийг Засгийн Газраас баталж хэрэгжүүлсэн гэх мэт маш олон ажлууд хийгдсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар өргөтгөсөн эрчимтэй хяналтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй тайланг Ази, номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлж, хангалтгүй үнэлгээ авсан 20 зөвлөмжөөс 14 зөвлөмжийн үнэлгээг сайжруулах боломжтой гэсэн урьдчилсан хариуг бид аваад байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт төдийгүй энэхүү үнэлгээний үр дүнг сайжруулах талаар боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан байгууллагуудын хүчин чармайлт юм.
Түүнчлэн энд нэг зүйлийг дурдахгүй байж болохгүй. Үнэлгээний баг 2016 онд манай улсад ажиллах явцад Монгол Улс саарал жагсаалт биш, хар жагсаалтад орохоор бага үнэлгээ авах эрсдэл байгааг анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтаас ч муу үр дүн гарах боломжтой нөхцөл байдал байсан хэдий ч тухайн үед Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууудын зүгээс өөрсдөөс хамаарах боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан төдийгүй, тухайн үед ажлын хэсгийг ахалж ажилласан хүмүүсийн хүчин чармайлт энэ эрсдлээс Монгол Улсыг хамгаалж чадсан.
Одоо бидэнд Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлттэй холбоотойгоор саарал жагсаалтад орох эрсдэл байсаар байгаа. Үүнд өршөөлийн хууль тогтоомж, түүний хэрэгжилт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын хэрэгжилт зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлсөөр байна.
-Тэгвэл Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийг хэрхэн ахиулах вэ ? Бид юу хийх хэрэгтэй вэ?
-Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтийн үнэлгээг ахиулах боломж процедурын хувьд 5 жилд нэг удаа байдгаараа ФАТФ-ын 40 зөвлөмжийн үнэлгээг ахиулах процедураас ялгаатай.
Товчхон хэлэхэд 2022 он хүртэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо ажиллаж байгааг бид баримт нотолгоотой харуулах шаардлагатай байгаа. Жишээлбэл, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдуулан хураасан хөрөнгийн хэмжээ, мөрдөн шалгасан, хянасан, шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлт, хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэх мэт бодитой ажил хийсэн байх шаардлагатай. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт гэхээсээ илүү энэ төрлийн хэргийг илрүүлсэн, тогтоосон, шалгасан, шийдвэрлэсэн байдал зэрэг нь эдгээр үзүүлэлтийг ахиулахад бодит нөлөөг үзүүлнэ.
-Энэ жагсаалтад орохгүй байх, урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь аль байгууллага вэ? Өөрөөр хэлбэл, хэн энэ асуудлыг хариуцан ажиллаж, манай улсын тайланг хамгаалах вэ?
-Хэрэв ФАТФ-ын 40 зөвлөмжийг унших юм бол энэ бол үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн бүх байгууллага бүхий л түвшинд ажиллах асуудал гэдгийг ойлгоход нэг их хэцүү биш.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах арга хэмжээг авах хүрээнд Үндэсний зөвлөл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах хүрээнд Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна.
Энэ 2 зөвлөлийн бүрэлдэхүүнд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага, прокурор, шүүх, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэл, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл багтдаг.
Өөрөөр хэлбэл, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бодит байлгах, хуулийн хэрэгжилтийг хангах, улмаар Монгол Улсыг саарал жагсаалтад орохоос урьдчилан сэргийлэх ажил нь манай улсын үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хамаарах асуудал учраас эдгээр байгууллагуудын хамтын ажил, хамтын хариуцлага юм.
Товчхондоо энэ бол Монгол Улсын хариуцлагын асуудал.
Монголын санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлдаг гэдэг утгаараа зохицуулагч байгууллагын хувьд Монголбанк энэ асуудалд онцгойлон анхаарч, Монгол Улсын тайланг бэлтгэх, хамгаалах бүхий л ажлыг зохион байгуулж, тайланг хамгаалах Ажлын хэсэг, Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах нөхцөл бололцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд ч сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
-ФАТФ-ын саарал жагсаалтад орохоос урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх ажил бол Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа юм байна. Тэгвэл энэ богино хугацаанд хамтран ажиллах хүрээнд ач холбогдол бүхий ямар ажлуудыг хийх боломжтой вэ?
-2016 онд хийсэн Харилцан үнэлгээнээс хойш Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжсэн гэдгийг дурдсан. Харьцангуй нэг үеэ бодоход мөнгө угаахтай тэмцэх асуудал бол зөвхөн Санхүүгийн мэдээллийн албаны ажил гэх өрөөсгөл ойлголт өөрчлөгдөөд байгаа.
Энэ бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийсэн сургалт, семинар, мэдээлэл, хамтын ажлын үр дүн байх. Үүний дүнд байгууллагууд өөрсдийн үүрэг хариуцлагыг ойлгон хамтран ажиллаж эхлээд байгаа. Иймд бидэнд саарал жагсаалтад орохгүй байх бүрэн боломж байгаа гэж харж байна.
Хэдийгээр олон ажил хийгдэж байгаа ч бодлогын түвшинд, хэрэгжилтийн түвшинд гээд хууль тогтоох эрх мэдэл, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой яаралтай хийж гүйцэтгэх хэд хэдэн ажлууд бидэнд бий. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэн батлуулах, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах талаар аргачлал заавар гарган мөрдөж ажиллах, Мөнгө угаах гэмт хэргийг шалгах, эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах, Хөрөнгө хураахад баримтлах үйл ажиллагааны аргачилсан заавар боловсруулах, Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг бүртгэж, хяналт тавих нэгдсэн бүртгэлийг үүсгэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой статистик мэдээлэл гаргах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэх зэрэг ажлыг бид ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
-Ярилцсанд баярлалаа.