Онцлох мэдээУлс төр

С.Эрдэнэболд: Ц.Гарамжав гишүүний санал, Зөрчлийн хууль бүхэлдээ мөнгө яаж олох вэ гэдэг рүү чиглэсэн

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдыг урилаа.

 -Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж, дууссан. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Тэднээс нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулга орон даяар явагдлаа. Хотын дарга асан Э.Бат-Үүл “тоглоомноос” гарчээ. Дарамт шахалт байсан юм болов уу?

-Тэр бол хувь хүний өөрийнх нь шийдвэр. Энэ талаар би сайн хэлж мэдэхгүй байна.

-Тавдугаар сарын 1-ний өдөр намынхаа Нарийн бичгийн дарга О.Магнайн хамт сэтгүүлчдэд хандсан. Ингэхдээ нэмэгдэж байгаа татваруудыг эсэргүүцсэн. Гэтэл эрх баригч нам үүнээс өөр гарц бидэнд алга гэдэг тайлбар өгдөг шүү дээ. Сөрөг хүчний зүгээс аливаа шийдвэрийг хэт улс төржүүлээд байгаа юм биш үү гэж зарим хүн харсан болов уу?

-АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай бид хоёр концесс болон татварын асуудлаар мэдээлэл хийсэн. Нэгдүгээрт, концесс гэдгээ бид ойлгох ёстой. Аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийчихээд дараа төлбөрийг нь улсаас авдаг хувилбар. АНУ-ын төмөр замыг анхлан Стэнд Форд гэж хүн тэгж барьсан байдаг. АН-ын тухайд концессийг нь эсэргүүцэж байгаа юм биш. Гагцхүү тэр концесс шударга явагдсан уу. Таван төгрөгөөр хийсэн ажлаа 10 төгрөгөөр хийсэн гэж худлаа хэлээд төрөөс арван төгрөг авах гэж байна уу гэдэг зүйл ярьсан. Хоёрдугаарт, эрх ашгийн зөрчлийн тухай хөндсөн. Концессоор хийх ажлыг аваад хийчих чадвартай маш олон компани монголд бий. Гэтэл яахаараа МАН-ын сайдууд, УИХ-ын гишүүд нь энэ ажлыг аваад байна вэ. Мэдээлэлд, эрх мэдэлд ойрхон хүн энэ ажлыг аваад байна гэсэн үг. Үүнд, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим алдагдаж байна. Зах зээлийн өрсөлдөх зарчмыг алдагдууллаа. Өөрсдөө төрийн суудалд суучихаад эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа, тангараг өргөсөн хүмүүс хувийнхаа компаниар мөнгө угаах байдлаар ажиллаж байгааг эсэргүүцсэн. МАН-ын маш олон сайд, эрх мэдэл бүхий хүмүүсийн нэр ийм зүйл дээр дурьдагдана. Гуравдугаарт, татварын асуудал. Аливаа төрт ёсонд татварын бодлогоос болж тухайн төр мөхсөн сүйрсэн түүх их байдаг. Ямар улс хөгждөг вэ гэхээр татвараа нэмэхгүйгээр татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх замаар асуудлаа шийдсэн бодлого хөгжлийг авчирдаг. Таван хүн татвар төлдөг байлаа гэж бодоход тэднээс өндөр татвар авснаар бизнес нь урагшлахгүй. Төр тэднийг татвараар нь дарамталж байгаа л хэлбэр. Татвараас бултдаг сөрөг үзэгдэл гаарна. Тэгэхгүйгээр татвар төлөгчийг шинээр яаж бий болгох вэ гэдэг л чухал. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ “Дундаж давхаргад зориулсан эдийн засгийн оновчтой бодлого” гэдэг. Яг үнэндээ цөөн хэдэн компани юм уу, төр өөрөө менежмент хийж эдийн засгийг авардаггүй. Иргэдээ идэвхтэй, бүтээлч, бизнес хийх боломжоор нь хангаж байж эдийн засгийн тамир тэнхээтэй болно.

-Эрх баригч намын бодлогод алдаа байна гэж хэлэх гээд байна уу. Тодорхой хэлээч?

-Нэгдүгээрт, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орлоо. Тиймээс бидэнд татвар нэмэхээс өөр аргагүй боллоо. АН ийм байдалд хүргэлээ гэж бидэнд ойлгуулсан. Долоон төрлийн татвар нэмэгдүүлснээр Ардын нам дундаж давхрагаа ядууруулах бодлого барилаа. Ардын намынхан дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна. Тэд бүсээ чангалаагүй. Гэтэл ард түмний нуруун дээр ачаа ирж байна. Энэ бол Ардын намын санаатай алдаа.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд энэ шаардлагыг биелүүлсэн гэдэг шүү дээ?

-Би нэг тайлбар хэлье. Нэгдүгээрт, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. “Ямар зардлыг танах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь асуудал” гэж. Татвар нэм гэсэн шаардлага тулгаагүй байна. Тэгвэл Засгийн газар яагаад хэмнэх ёстой зардлуудаа хэмнэхгүй байна вэ. Төрийн өмчит үйлдвэрийн захирал 300 саяар машин авсан гээд шуугьсан. Бүсээ чангална гэчихээд үүнийг заавал авах шаардлага байсан уу. Хуучин машинаа Төрийн өмчийн хорооны даргад нь бэлэглэсэн байх жишээтэй. АН дэд сайдуудаа ажилгүй болгоод өчнөөн олон хүүхдүүдийг мөнгөтэй нь үлдээж байлаа. Хэмнэх боломжтой зүйлийг хэмнэхгүй байж ард түмний нуруун дээр дарамт үүсгээд байна вэ. 300 саяын тансаглал эдэлж байгаа даргатайгаа хариуцлага тооцож чадахгүй байж гурван сая иргэний халаас руу гараа дүрээд байна вэ гэдэг нь санаатай алдаа. Хоёрдугаарт, МҮХАҮТ мэдэгдэл гаргасан. Түүн дээрээ төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байх, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт шаардлагыг бизнес эрхлэгчид хүргүүлсэн. Олон зуун бизнес эрхлэгчид нь хэлээд байхад бодлого тодорхойлогчид нь тоосонгүй. Харин ч бизнес эрхлэгчид нь эрх баригчдаа дэмжиж байгаа мэтээр ойлгуулж байна.

-Татвар нэмснээр үүнийг дагаж гарч ирэх сөрөг зүйл юу байх бол?

-Долоон төрлийн татвар нэмсэн асуудал нь хамгийн “тэнэг” шийдвэр байсан. Архи тамхины онцгой албан татварын нэмэгдэл дээр АН нэг их ач холбогдол өгөхгүй байна. Гэхдээ 1930 оны үед АНУ-д гарсан “Хуурай хууль”-ийг бид мэднэ. Архи тамхины татвар нэмэгдээд дагаад үнэ нь өсөхөөр хуурамч, хямдхан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн ихээр гардаг. Энэ нь иргэдээ хордуулах, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд нь нөлөөлөх гаж үзэгдэл нийгэмд шууд илэрдэг. Хууль бус наймаа цэцэглэдэг. Импортын архи, тамхины гаалийн татварын асуудал дээр юм ярихгүй. Авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг долоодугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Монголд бензиний үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон бүх юмны үнэ нэмэгддэг. Энэ монголын эдийн засагт асар том дарамт үзүүлнэ. Дараагийн татвар нь суудлын авто машины онцгой албан татвар. Мөн хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлнэ гэж байгаа юм. Уг нь Монгол Улсын нийт хадгаламжийн 90-ээс дээш хувь нь хүн амын таваас дотогшоо буюу цөөн хүн амд хамааралтай. Өндөр орлоготой хүмүүсийнхээ хадгаламжид шатлалтай хандаад дундаж орлоготой иргэдийнхээ орлогод нэмэр болдоггүй юм гэхэд гай болохгүй байвал зөв болно. Хадгаламжийн хүү дээр татвар нэмэгдүүлж байгаа нь хэцүү бодлого. Өнөөдөр энэ шийдвэр гаргагчид дотор 20 мянган төгрөг иргэдийн амьдралд ямар үнэ цэнтэйг мэдэхгүй хүмүүс олон. Гэтэл энэ мөнгөөр амьдарч байгаа хүмүүс маш их байна. Эдгээрээс хамгийн эхэлж онцлох татвар нь авто машинд оногдуулж байгаа татвар.

-Тооцоо судалгааг нь та харуулж байсан. Хэчнээн хүн энэ татварын дарамтыг амсахаар байгаа вэ?

-2016 оны байдлаар нийт 500 мянган машин улсын хэмжээнд байна гэж тоологджээ. Үүнээс суудлын машин нь 360 мянга байна. Суудлын авто машины онцгой албан татвар төр авах гээд байгаа юм. Тэгэхээр 500 мянган машины 60-аад хувийг суудлын авто машин бүрдүүлдэг юм байна. Эндээс юу гэж ойлгогдож байна вэ гэхээр монголын дундаж амьдралтай иргэдийн хэдэн хувь нь суудлын авто машинтай байна вэ гэдэг харагдана. Тэгвэл 500 мянган машины дөнгөж арван мянган машин буюу хүн амын хоёр хувь нь 0-3 жилийн насжилттай шинэ машинтай байна. Гэтэл 94 мянга буюу иргэдийн 20 орчим хувь нь 4-9 жилийн насжилттай машинтай байна. 393 мянга буюу иргэдийн 80 хувь нь арваас дээш жилийн насжилттай машин хэрэглэж байна. Ер нь олон жил явсан машиныг хязгаарлах бодлогыг буруу гээд байгаа юм биш. Зөв. Гэхдээ аажмаар бага багаар зах зээлээсээ шахах бодлогоор, иргэдийн эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр ядаж зургаан сар, жилийн өмнөөс мэдэгдэж байж энэ ажлыг хийх ёстой. Тэгэхгүйгээр дөрөвдүгээр сарын 14-ний өдөр энэ хууль журам нь гарч батлагдаад тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлээд эхэлнэ гэдэг бол дарангуйлал. 14 хоногийн хугацаанд энэ хуулийг чинь яаж иргэд хэрэгжүүлж чадах юм бэ. Машины ченжүүд гэхэд л энэ богино хугацаанд 70 сая төгрөгний өрөнд орчихлоо. Машин худалдаалан борлуулагчид 7.2 тэрбумын өрөнд орчихлоо гээд ирж байна шүү дээ. Энэ гомдлыг ярьж байгаа нь авто машин борлуулагчдын зөвхөн 60 хувь нь гэж байна. Цаана нь дахиад 40 хувь нь алдагдлаа, өрийнхөө хэмжээг дэлгээгүй байна. Энэ бол бодит тоо.

-Монголчуудын гол унаа приус гэдэг. Татвар нэмснээр үнэ нь хэрхэн өөрчлөгдөж байгаа бол тооцож үзэв үү?

-Жилд дунджаар 36 мянган машин зарагддаг. Үүний 80-85 хувь “Приус” машин байдаг. Гэтэл “Приус” машины татварыг таван сая төгрөгөөр, hybret хөдөлгүүртэй суудлын машины татварыг 5.8 сая төгрөгөөр, harier 6.6 сая төгрөгөөр нэмнэ гэчихсэн. 2007 оны тоёото приус 20 машиныг солонгосоос найман сая гаруй төгрөгөөр ачуулдаг юм байна. Тээврийн зардал нь нэг сая 450 мянган төгрөг болдог гэнэ. Онцгой албан татвар нь 0 байсан. Татвартаа 1.5 сая төгрөг өгөөд 11.6 сая төгрөгт энэ машин монголд орж ирдэг байжээ. Үүн дээрээ 700 мянган төгрөг нэмээд 12 сая 400 орчим мянгаар зардаг байсан байна. Одоо таван сая төгрөг нэмэгдчихээр зарагдах үнэ нь 18.5 сая төгрөг болж байна. Энэ мөнгө хэний нуруун дээр очих вэ. Машин худалдан авагчийн нуруун дээр очно. Жилд 36-40 мянган машин зардагийн 30 мянга нь hybretd хөдөлгүүртэй суудлын машин зарагддаг юм байна. Тэгэхээр нэг жолоочийн ард таван хүн байна гээд бодохоор 150 мянган хүний амьжиргаанд дарамт үүсгэж байна. Монголын дундаж давхарга руу нударгаа зангидаж байгаа МАН-ын эрх баригчдын харгис бодлогыг АН эсэргүүцэж байгаа юм. Үүнд МАН-ын жирийн гишүүд буруугүй. Зөвхөн эрх барьж байгаа бодлого тодорхойлж байгаа цөөн хүн буруутай. Улс орныг хөгжүүлэх гэж байгаа нэрээр шууд хэрчсэн хатуу бодлого явуулж байгаа нь эрх баригч намын алдаа. Үүнийг нь иргэд эсэргүүцэхээр МАН ацан шалаанд орж байна. Үүнээс хэн хохирч байна. Ард түмэн хохирч үлддэг. АН-ыг шүүмжилдэг. АН л ийм байдалд орууллаа гэдэг. Тэгвэл АН-ын хувьд МАН-аас ялгарах нэг том чанарын ялгаа байдаг. Дундаж давхарга руу чиглэсэн эдийн засгийн дарамтыг хэзээ ч бий болгож байгаагүй. Жишээ нь, зам тавьсан. Энэ нь ядаж л иргэдийн бензины зардлыг бууруулсан гарц байсан. Тээврийн зардал буурна гэдэг бол эдийн засгийн эргэлт хурдтай болно. Хоёрдугаарт, ипотекийн зээлээр дамжуулж иргэд байртай болсон. Дундаж давхарга руу чиглэсэн дараагийн бодлого нь үйлдвэржилтийг дэмжсэн. “888” төсөл, “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн оюутан” гэх мэт хөтөлбөрүүдийг нэрлэж болно. Нийгмийн олонлог руу эдийн засгийн хувьд хүртээмжтэй, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоход АН анхаарч байсан.

-Зөрчлийн хуультай холбоотой Ц.Гарамжав гишүүний санаачилсан торгох шийтгэх заалт олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэлтэй тулсан. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Ер нь төрт ёсны Монгол уламжлалыг ажиглахад аливаа төр ял гавъяа хоёрыг салгаж байж шударга ёс тогтдог байжээ. Шударга ёс тогтсоноор төрдөө итгэх иргэдийн итгэл сэргэдэг. Хоёрдугаарт, монголын төрийн уламжлалт “Алтан аргамжааны бодлого” гэж хэлдэг, зарим хүмүүс “Хар хайрцагны бодлого” ч гэдэг. Түүнийг үзэхээр яллах, буруутгахаасаа түрүүнд тухайн алдааг яаж хамтран засч болох вэ гэдэг дээр анхаарах байсан. Бид Үндсэн хуулиараа хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйн орчноороо хамгаалсан. Хүнийг гүтгэх, гутаан доромжловол хариуцлага хүлээх заалтыг ч Эрүүгийн хуулиндаа тусгачихсан. Ц.Гарамжав гишүүний оруулж ирсэн горимын санал болон Зөрчлийн хууль бүхэлдээ мөнгө яаж олох вэ гэдэг рүү улайрч, ямар шалтаг шалтгаанаар иргэдийн халаас руу өнгийж торгох вэ гэдэг рүү чиглэсэн байна. Гэтэл торгосноос илүү соён гэгээрүүлэх ажил гэж бий. Гудамжинд шүлсээ хаявал 5000-аас нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн байсан. Тэгвэл үр хүүхдүүддээ шүлсээ хаяхгүй байх нь ямар том соёл вэ, ингэснээр эх оронч үзлийг өөртөө суулгаж байгаа юм гэдгийг соён гэгээрлийн замаар ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийн энэ төрлийн ойлголт мэдлэгт зориулсан контент нэвтрүүлэг хэд байна вэ. Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх гэх мэт улс төрийн заяамал эрхээ хязгаарлуулах эдийн засгийн аргаар дарамтад өртөх, хяхаж торгуулна гэдэг байж болохгүй. Бид хаалттай коммунист нийгэмд амьдраагүй.

-2016 оны УИХ-ын сонгуулиар АН өвдөг шороодож алдаагаа “олуулаа” хэлэлцсэн өдрүүдийг өнгөрүүллээ. Ялагдлаа бүгд өөр өөрийн өнцгөөс дүгнэсэн. Таны хувьд намаа хэр шинэчлэгдэж байна гэж хэлэх вэ?

-Улс төрийн намын хувьд хамгийн том хариуцлага хүлээдэг зүйл бол эрхзүйн хэм хэмжээндээ сонгууль. 2016 онд АН цөөнх боллоо. Яагаад цөөнх болов гэдэг дээр тогтоод харахаар үндсэн хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, сонгуулийн хуулийн огцом өөрчлөлт байсан. Хэрвээ 2012 оны хуучин хуулиар сонгууль хийсэн бол энэ парламентад хорь гаруй суудал авч чадах байсан. Хоёрдугаарт, намын дотоод зөрчлийн асуудал ялагдалд хүргэсэн. Гуравдугаарт, гэнэтийн пиарын алхмууд байсан. Ард иргэдээр дүнгээ тавиулсан. АН ялагдал амсч улс төрийн хариуцлага хүлээнэ гэдэг бол энэ нам шинэчлэгдэх шаардлагатай гэсэн маш том дохио болсон. Ер нь бид АН, МАН гэж талцахаасаа илүүтэйгээр монголын эрх ашиг, язгуур ашиг сонирхолд нийцсэн тогтвортой бодлогыг улс төрийн намууд барьж байх ёстой. Гуравхан сая хүн амтай, хоёр том гүрний дунд оршигч, эдийн засгийн эрх чөлөөний хувьд нэлээд сорилттой улс үндэстний хувьд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. МАН улс орныг АН ийм болгочихлоо гэж яриад явахаасаа өмнө хамтарч бид Засаг барьж байсан гэдгээ байнга санадаг байх хэрэгтэй. АН засаг барьж байх үед одоогийн Ерөнхий сайд нь Сангийн сайд хийгээд л явж байсан. Манай хоёр нам хэд хэдэн сонгуулийн үр дүнгээр хамтарч ажилласан тохиолдол хэд хэд гарсан. Тэгэхээр алдаа нь ч тэр оноо нь ч тэр хамтарсан бодлого, хамтарсан ажлын үр дүн. Бид аль нэг намаа харлуулах юм уу эсвэл цайруулах гэж оролдох гэж туйлширмааргүй байна. Улс төрийн нам хэзээ юун дээр оршин тогтнодог юм бэ гэхээр тухайн улс орны бодлогыг тогтвортой авч явахын төлөө, хүний нөөцийн урт хугацааны бодлоготой байхын төлөө л үйл ажиллагаа явуулж байгаа. Аймаг орон нутгийн сонгуулийн үр дүнгийн дараа АН-д шинэчлэл хийх томоохон ажил өрнөсөн. Үүнийг улс орны дөрвөн зүг найман зовхист гишүүд хүсч байсан. Өөрсдөө шүүмжлэлтэй хандсан, дутагдлаа ойлгосон засъя гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд зургаадугаар сарын 29-ны сонгуулиас хойш долоодугаар сарын 18-ны өдөр гэхэд АН-ын ҮЗХ хуралдсан. ҮЗХ хуралдаад намын шинэчлэлтэй холбоотой ажлын хэсгүүд гарсан. Ингэж явсаар байгаад арваннэгдүгээр сарын 16-нд ҮЗХ-ны хуралдсан. Арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдөр намын Их хурал болсон байдаг. Энэ хугацаанд шинэчлэлийн олон хөдөлгөөнүүд үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ бүхнээс агуулгын болон чанарын өөрчлөлтүүдийг энэ нам хийх цаг болсон гэдэг нь харагдсан. Хэд хэдэн асуудал дээр бид цэгцрэх, эргэж харах хэрэгтэй байсан. Тэр нь үзэл баримтлалын хувьд өөрсдийгөө эргэн харах цаг болжээ, үндсэн дүрмээ сайжруулах шаардлагатай байна, хүний нөөцийн шинэчлэл, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн таван зорилт гарч ирсэн. Харьцангуй богино хугацаанд эдгээр зорилтууд биелэгдээд хэрэгжиж байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2017 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл АН-ын даргын сунгаа орон даяар зохион байгуулагдаж 2017 оны нэгдүгээр сарын 28-нд сунгаа эхэлж таван хүн өрсөлдсөн. Анхан шатнаас 180 гаруй мянган гишүүний саналаас хамгийн олон саналтай хүн нь намын дарга болсон байгаа. АН-ын эргэн тойронд ийм л зүйл өрнөлөө. Дүрмийн шинэчлэл явагдсан уу, явагдлаа. Намын удирдлагууд анхан, дунд шатандаа шинэчлэгдэв үү, шинэчлэгдлээ. Намын хороод гишүүдийнхээ саналаар анхан дунд шатандаа шинэчлэгдлээ. Санхүүгийн хувьд тодорхой эх сурвалжууд нь ил тод болов уу боллоо. Зарцуулалт нь ил тод боллоо. Шинэ хүмүүс, залуус, эмэгтэйчүүдийн оролцоо маш их боллоо.

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ хэзээ батламжлах вэ?

-Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Ерөнхийлөгч гэдэг субъект сонгогдоод тангараг өргөсөн даруйдаа намаасаа түдгэлздэг. Нам, иргэдийнхээ нэгдмэл байдлын төлөө ямар нэгэн талцал, ялгаварлалгүй байхын төлөө ажилладаг. Тиймээс хариуцлагатай, шударга, эвийг эрхэмлэдэг хувь хүн байх ёстой. Энэ бол эхний шалгуур. Монголд хэрэгтэй хүн байх ёстой. Монголоо мэддэг, ойлгодог, гадаадад эх орноо төлөөлж чаддаг, Монгол Улсынхаа язгуур эрх ашгийг олон улсад зөв хамгаалж чаддаг, геополитикийн мэдрэмжтэй, эдийн засгийн мэдлэгтэй хүн байх ёстой. Эдийн засаг гэдэг нь дан ганц тоо тооцоолдог ойлголт биш шүү дээ. Мөн хууль шүүхийн өргөн мэдлэгтэй, зан чанарын хувьд улс төрд хал үзэж халуун чулуу долоосон хүн байх ёстой. АН-ын тухайд ийм шалгуурт тэнцсэн зургаан хүнээ дэвшүүллээ. Эдний дундаас гишүүдийнхээ хамгийн олон санал авсан нэг эрхэм Ерөнхийлөгчид өрсөлдөнө. Тавдугаар сарын 3-ны 20.00 цагаар тасалбар болгож дотоод саналаа хаана. Тавдугаар сарын 6-ны өдрийн намын VIII дугаар их хурал дээр батламжлана. Манай VIII их хуралд 1200 хүн оролцоно. МАН бага хурлаараа 300 гаруй хүний хүрээнд Ерөнхийлөгч болох хүнээ шийдэж тодруулж байхад манай нам 180 мянган гишүүдийнхээ саналаар шийдэж байна. 180 мянган хүнээс санал аваад гарч ирэх, 310 хүний саналаар гарч ирэх хоёрын хооронд асар том ялгаа харагдана. Цаашдаа улс төрийн намууд бүх гишүүдээсээ асуудаг соёл руу явах ёстой.

-АН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэж авна, авахгүй гэсэн асуудал үүсч байгаад бүртгэж авсан. Ийм маргаан үүссэн нь ямар учиртай юм бэ?

-АН-ын дүрэм монголд байгаа хууль эрх зүйн хэм хэмжээнээс түрүүлж хөгжиж байгааг л илэрхийлсэн зүйл болсон. Энэ хэнд хэрэгтэй юм гэхээр АН-ынханд хэрэгтэй зүйл биш. Монголд хэрэгтэй.

Эх сурвалж:М.МӨНХТУНГАЛАГ

c22c7eda61376b00big-300x114 С.Эрдэнэболд: Ц.Гарамжав гишүүний санал, Зөрчлийн хууль бүхэлдээ мөнгө яаж олох вэ гэдэг рүү чиглэсэн

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close