[starbox]
-Трамп ч мөн түүний сонгуульд ялагдсан шалтгаануудад хариу барьжээ-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтон “CNN” теле сувагт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаануудаа тоочсон ярилцлага өгчээ. Түүний үзэж буйгаар Оросын хакерууд сонгуулийн үйл явцад оролцсон, Холбооны мөрдөн байцаах товчооны тэргүүн Жеймс Комигийн гаргасан үйлдэл зэрэг нь ялагдлын гол шалтгаан болсон гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч Клинтоны эдгээр мэдэгдлийг шууд өлгөн авч, ардчилагчдын эдгээр үгийг “худал хуурмаг” гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч асан Хиллари Клинтон CNN-д ярилцлага өгөх үеэрээ ялагдал хүлээснийхээ хариуцлагыг ганцаараа бүрэн үүрнэ гэдгээ мэдэгдсэн ч сонгуулиас өмнө сүүлчийн 10 хоногт болж өнгөрсөн үйл явдлууд түүнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
“Би асуудлуудыг сайн мэднэ. Бас бидэнд байсан асуудлууд, дутагдалтай талуудыг ч тэр. Хэрвээ сонгууль аравдугаар сарын 27-нд болсон бол би та нарын Ерөнхийлөгч байх байлаа” гэжээ. Харин ялагдахад түүний сонгуулийн кампанит ажлын тэргүүн Жон Подестагийн цахим шууданг Оросын хакерууд ил болгосон, түүнчлэн Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комигийн гаргасан үйлдэл нөлөөлсөн гэжээ.
“Аравдугаар сарын 28-наас Жеймс Коми захидалд хутгалдаж, Оросын WikiLeaks миний төлөө саналаа өгөх гэж байсан хүмүүсийг эргэлзээнд оруулах хүртэл би ялалтын замдаа орчихоод байсан юм” гэж тэрбээр өгүүлсэн байна. Үүнээс гадна эмэгтэйчүүдийг үзэн ядах сэтгэхүй ч ялагдалд нь багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж Клинтон үзэж байгаа аж. Энэ талаар түүнд асуулт тавихад “Тийм ээ, энэ ч бас үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” хэмээн хариулсан байна.
Түүнчлэн Клинтон Трампаас гурван саяар илүү санал авснаа тэмдэглэхэд сэтгүүлч Кристиана Аманпур “Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралгүй үлдэхгүй, удахгүй олон нийтийн сүлжээгээр тайлбар хийгээд эхэлнэ дээ” хэмээн хошигножээ.
Үүний хариуд Клинтон “Гайхалтай. Энэ нь ч гадаад асуудалд хутгалдахаас илүү дээр дээ. Хэрвээ тэр миний тухай жиргэхийг хүсвэл би түүнд хариулт өгөхдөө баяртай байх болно. Яагаад гэвэл бидний дунд санаа зовних зүйлс бий дээ. Тэр сонгууль, ард түмний санал хураалтад намайг ялсанд аль болох бага санаа зовж, улс оронд чухад бусад асуудлаа хийсэн нь дээр байлгүй” хэмээжээ.
Үнэхээр ч Трамп түүнийг болон олон нийтийг удаан хүлээлгээгүй юм. Тэрбээр “Холбооны мөрдөх товчооны захирал Коми Хиллари Клинтонд хэзээ нэгэн цагт тохиосон хамгийн шилдэг хүн байсан. Тэр түүний гараас олон муу үйлдлийг нь авч хаясан. Хуурамч… Трамп/Орос гэх түүх бол ардчилагчид сонгуульд ялагдлаа тайлбарлахын тулд ашигладаг өөрсдийгөө зөвтгөх гэсэн арга. Магадгүй Трамп зүгээр л гайхалтай кампанит ажилтай байсан ч юм бил үү” хэмээн “Твиттер”-тээ жиргэжээ.
Клинтон түүнчлэн Трампын БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээ хийх шийдвэрийг шүүмжилжээ. Тэрбээр “Бид ганцаараа Хойд Солонгосын дэглэмд бодит дарамт учруулах чадвартай гэдэгт итгэхгүй байна. Хойд солонгосчууд статусаа өргөхийн тулд үргэлж америкчуудыг түрүүлж хэлэлцээ хийлгэх сонирхолтой байсаар ирсэн шүү дээ” хэмээн улстөрч бүсгүй мэдэгдсэн байна.
Үнэхээр хэдхэн хоногийн өмнө Трамп “Bloomberg”, “CBS” сувагт ярилцлага өгөхдөө БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. Тэрбээр “Үнэхээр л Ким Чен Унтай уулзах боломж гарвал би зөвшөөрнө. Миний хувьд энэ нь нэр төрийн хэрэг” хэмээн мэдэгдсэн байна.
1 comment
Гоншгонож дуусдаггүй авгай юмаа, гэртээ аяга шаазангаа угаагаад л сууж байна биз. Мэдээж хүн зарсаар байгаад хоол ч хийж чадахгүй болсон байгаа. Энэ авгай гарсан ч дайн хийж цус үзнэ л дээ. Америк араншин тэр юм чинь