-Ардын намыг төлөөлж буй түүний ойрын өрсөлдөгч Ан Чоль Сугийн нэр хүнд сүүлийн өдрүүдэд 13.7 хувиар унаж, 20 хувь болжээ-
Ардчилсан “Тобуро” намын тэргүүн асан Мун Чэ Ин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд илт давуу тэргүүлж байна. Энэ талаар олон нийтийн санал асуулгын сүүлчийн мэдээлэл баталж байна.
“Realmeter”-ийн мэдээлснээр Мун Чэ Иний төлөө сонгогчдын 42.4 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа аж. Харин түүний ойрын өрсөлдөгч, Ардын намын Ан Чоль Сугийн нэр хүнд сүүлийн үед 13.7 хувиар унаж, 20 хувь болжээ. Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь мэтгэлцээнд амжилтгүй оролцож, муу илтгэгч, шийдэмгий өөртөө итгэлтэй бус, дээр нь гадаад улс төрийн асуудлыг сайн мэддэггүй гэсэн сэтгэгдлийг хүмүүст төрүүлсэнтэй холбоотой гэнэ.
Үүнээс гадна Ан Чоль Су Өмнөд Солонгост Америкийн THAAD пуужин эсэргүүцэх хамгаалалт байршуулах тухай гэрээг дахин авч хэлэлцэнэ гэж байснаа сүүлдээ энэ алхмыг дэмжиж үг хэлэх болсон нь олон дэмжигчээ алдахад хүргэжээ. Ан Чоль Сугийн азгүйдэл дээр Солонгосын эрх чөлөөний консерватив намын төлөөлөгч Хон Чун Пё байр сууриа бэхжүүлж чадсан байна. Түүний нэр хүнд 8.4 хувиар унаж, 18.6 хувьд хүрчээ. Бусад нэр дэвшигчдийг дэмжигчдийн тоо найман хувиас хэтрэхгүй байна.
Санал асуулгад 1000 гаруй хүн оролцжээ. 95 хувийн магадлалтай энэхүү мэдээллийн алдаа нь 3.1 хувиас хэтэрдэггүй. “Gallup Korea” социологийн агентлагийн мэдээлж буйгаар гол гурван нэр дэвшигчийн санал дараах байдалтай байна. Тухайлбал, Мун Чэ Ин-38 хувь, Ан Чоль Су-20 хувь, Хон Чун Пё-16 хувьтай байгаа аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 9-нд болно.
Э.МӨНХЗАЯА