Шатахууны үний асуудлаар өнөөдөр (2019.07.09) Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Импортын судалгаа, гадаад эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн Х.Пүрэвдолгор нар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахуун худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл өгсөний дагуу өчигдөрөөс шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буулаа гэж тэд мэдээлж байна.
Дээрх заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн дагуу дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж шатахууны үнийг литр тутамд нь буулгахаар шийдвэрлэсэн аж.
Он гарснаас хойш нийтдээ 2019 оны 3, 4, 5 дугаар сард дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ гурван удаа өссөн. Үүнтэй холбогдуулан A92 дээр жишээ авч үзвэл үнэ литр тутамдаа 180-200 төгрөгөөр нэмэгджээ. Харин 2019 оны тавдугаар сарын сүүлчээр буюу зургадугаар сард хилийн үнэ буурсан. Мөн Сингапурийн бирж дэх газрын тосны үнэ буусантай холбогдуулаад зургадугаар сарын эхээр дизель түлшний жижиглэнгийн үнэ 45 төгрөгөөр, А92 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурчээ.
Мөн энэ сард түлшний үнийг дахин буулгана гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлж байсны дагуу өчигдөрөөс эхлээд А92, А95 шатахууны жижиглэнгийн үнийг 50 төгрөгөөр буулгасан юм байна. Ингээд нийт А92 шатахууны үнийг 6, 7 дугаар сард нийлээд 100-110 төгрөгөөр, А95 шатахууны үнийг 50 төгрөгөөр буусныг ийнхүү өнөөдөр мэдэгдлээ.
Харин цаашид газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа ба энэ өсөлт наймдугаар сараас ажиглагдана гэдгийг тэд мөн энэ үеэр дурдлаа. Үнэ буурсан болон өссөн бүтээгдэхүүн дараа сард нь орж ирдэг гэж тайлбарлаж байгаа юм. Сүүлийн үед тасралтгүй өссөн газрын тосны ханшийн үнэ манай улсад наймдугаар сараас дахин мэдрэгдэх бололтой. Долдугаар сарын байдлаар “Брэнт” маркын газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр 64.00 ам.долларын үнэтэй байгаа юм байна.