“Торгоны зам” авто раллигийн үеэр Монгол эмэгтэй амиа алджээ

Улс дамнасан хамгийн том раллид зүй ёсоор тооцогддог тэмцээн энэ сарын 6-нд Эрхүү хотоос гараагаа амжилттай эхлүүлсэн бол өнөөдөр Монголын хилийн нутагт харамсалтай ослын мэдээг дуулгалаа.
“Торгоны зам-2019” авто раллид оролцогчид өнөөдөр (2019.07.09) Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад уралдаан үргэлжилж байна. 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн гэх мэдээлэл байна.
Гэвч бас нэгэн таагүй мэдээг эх сурвалжаас мэдээллээ. Тодруулбал, Төв аймгийн нутагт бариандаа орохоор уралдаж байсан өнөөдрийн тэмцээний үеэр Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг, Хоёрын даваа гэх газарт уралдааныг дагаж явсан хоёр автомашин мөргөлджээ. Осолдсон автомашинууд нь Монгол Улсын дугаартай байсан бөгөөд Тоёота Alpart маркийн автомашинд тэмцээнийг зохион байгуулагч гэх Япон улсын таван иргэн, Тоёота Приус маркийн автомашинд манай улсын гурван иргэн зорчиж явсан талаар эх сурвалж мэдээлж байна. Ослын улмаас Монгол Улсын хоёр иргэн хүнд бэртэж, нэг зорчигч эмэгтэй нас барсан байна.
Тамирчид Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-ын хилийг давах юм.
Тэмцээнтэй холбоотойгоор уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулахгүй, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулж байгаа юм.