Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жаст групп ХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох асуудлыг хэлэлцсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, Жастын Ш.Батхүүгийн 98 тэрбумын өртөг бүхий 185 объектын битүүмжлэлийн жагсаалтыг тэрээр өнөөдөр олон нийтэд ил болголоо.
Ш.Батхүүтэй холбоотой хөрөнгийн нэрс, байршил, хаяг, хэмжээ, битүүмжлэгдсэн тогтоол, улсын бүртгэлийн дугаар, одоогоор хэний өмчид байгаа, мөн үнэлгээ, тайлбар бүхий үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийн жагсаалтыг АТГ-аас ЗГХЭГ-т ирүүлжээ. Эндээс одоогийн байдлаар Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой нийт 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий 185 объект байгаа юм байна. Тэрээр цааш хэлсэн үгэндээ “Энэ жагсаалтад байгаа ихэнх ШТС-ууд нь одоо болтол ашиглагдаж байгаа. Гэтэл тэр хүн ямар ч мөнгө байхгүй гэж мэдүүлээд байгаа юм. Ийм байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүмүүс бий. Жишээ нь Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн зээл төлөөгүй тэр хүмүүс анхнаасаа зээлээ буцааж төлөхгүй гэдэг зорилготой авсан нь харагдаж байгаа. Шүүхэд өглөө гэхэд энэ нь тэдний хувьд маш их баяртай зүйл болдог. Шүүхэд өгчих гэдэг. Шүүхэд өгөхөөр авсан зээлийнхээ 10-15 хувийг нь хахуульдаа гаргаад авлигач шүүгч нартаа өгдөг юм шиг байгаа юм. энэ хэрэг дарагдаад, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, олон нийтийн анхаарлаас гарч замхраад алга болдог.
Одоо ХААХҮЯ-нд байгаа бүх зээлүүдийг гаргаж үзэж байгаа. Нэр хүндтэй аж ахуйн нэгжүүдээс авахуулаад бүгд зээлээ төлөөгүй. Шүүхэд өгөхөөр шүүгч нар нь баяжаад л улс хохирдог.
Үүнийг олон улсын банк санхүүгийн байгууллага мөнгө угаалтын том схем байна гэж хараад эхэлчихсэн байгаа. Өнөөдрийн байдлаар мөнгө угаалтыг шийдвэрлэсэн нэг ч хэрэг байхгүй. Жишээ нь, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-нд гарснаас хойш 8794 иргэн, 25 мянган ААН, харьяалалгүй 448 иргэн 33.3 ихнаяд төгрөгийг ил тодоор мэдүүлсэн. Монгол Улс энэ хуулиас болоод туйлын хүнд нөхцөл байдалд Засгийн газар ийм зүйлтэй нүүр тулж байгаа юм. Төрийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө учраас үүний араас хэн ч явахгүй, шүүхтэй тохирч чадвал хэнд ч дийлдэхгүй гэсэн хэсэг бүлгий сүлжээ бий болсон байна. Үүний том жишээ бол Жастын Ш.Батхүү. 160 орчим сая долларын өрөнд улсыг оруулсан энэ хүний асуудлыг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл тогтоохгүй байна. Одоо шүүхтэйгээ нийлээд хөөн хэлэлцэх хугацаа руу явж байна гэж Засгийн газар хардаж байгаа. Тиймээс өнөөдөр жагсаалтыг ил тод болгож байна” гэлээ.
Түүний тайлбарласнаар шилжүүлсэн объект, эд хөрөнгө нь түр гэрээгээр шилжсэн аж. Мөн Арбитрын шүүхээр ороод Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас төлсөн 40 орчим сая долларыг хангалттай төлөх хэмжээний шилжүүлээгүй хөрөнгө одоо хүртэл Жастын Ш.Батхүүд байгаа гэдгийг тодотгож байлаа.