“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна.
Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил “манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын 4 баг тус бүрт нэг шинэ худаг гаргаж өгнө. Мөн засаж сайжруулсан болон шинээр ашиглалтад оруулсан худагт усны түвшин, нөөц хэмжигч багаж суурилуулна. Ингэснээр тухайн худгийн усыг хэдэн жил, өдөрт хэдэн литрийг хэрэглэвэл зохистой болохыг тооцох боломж бүрдэх бөгөөд шаардлагатай үед худгаа гүнзгийлж, усны ундаргыг нэмэх, эсэхийг шийдэж болно” гэж ярилаа.
Тус сумын Цагаан-Овоо багийн малчин Б.Бурмаагийн худгийг компаниас сэргээн засварлаж өгсөн юм. Тэрбээр, өнгөрсөн жил манайх амны усаа маш холоос зөөж, энэ худгаас малаа услах төдий байсан. Худгийн ус багассан тул ховоогоор авах хүндрэлтэйн дээр зориулалтын байргүйгээс ус нь маш их бохирдсон байсан. “Эрдэнэс-Тавантолгой” компани одоо цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн. Мал усалдаг онгоцоо ч сайжрууллаа” гэлээ.