Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтийн саналын дагуу шинээр тусгаж буй заалтын талаар өнөөдөр (2019.07.02) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, 15-16 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэжээ. Эдгээр нь иргэдээс болон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагаас гаргасан саналууд гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо. Ингээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийн эхэнд олон нийтээс санал болгож, улмаар төсөлд оруулж буй заалтуудын талаар товч тайлбар өглөө. Тухайлбал:
-Байгалийн баялгийн хуваарилалтын тухайд, Үндсэн хуулийн заалтыг хөндөлгүй, үүний араас “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор “Баялгийн сан” байгуулж иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй.” гэдэг заалтыг оруулж байгаа юм байна.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал. УИХ-ын гишүүн нь ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлж болохгүй гэсэн заалтыг оруулжээ. Тодруулбал, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг нь Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Мөн төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэнэ гэдэг заалтыг найруулж байгаа юм байна. Товчхондоо чадавхуйн зарчмыг баримтлах аж.
-Шүүхийн ерөнхий зөвлөл, Хариуцлагын зөвлөлтэй холбоотой асуудлын хүрээнд шүүхийн хараат бус байдал, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг сэргээхтэй холбоотой зохих заалтуудыг оруулжээ.
-Нутгийн удирдлагын тогтоолцооны тухайд иргэдийн зүгээс хамгийн олон санал гарсан байна. Ялангуяа улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, эрх хэмжээг олгож болох, түүнийг Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх зэрэг асуудлыг оруулж байгаа юм байна.
-Гишүүд хөдөө орон нутагт ажиллах үед иргэдийн 90-ээд хувиар дэмжсэн санал бол сумын Засаг даргыг нутгийн иргэд сонгох асуудал бөгөөд үүнийг мөн төсөлд оруулж өгч байгаа юм байна. Харин дүүргийн хувьд ялгамжтай, өөрөөр хэлбэл 3000 хүнтэй сум, 300 мянган хүнтэй дүүргийн асуудлыг ялгамжтай зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурал татварын хувь хэмжээ, өмчийн эрхийн удирдлага болон төсвийн харилцааны асуудал зэрэг төвлөрлийг сааруулах, бие даасан байдлыг хангах зохицуулалтуудыг тодотгож, Үндсэн хуультай яв цав нийцүүлэн оруулж байгаа зэрэг мэдээллийг өглөө.
Ингээд найман байнгын хорооны хурлаар хэлэлцсэний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж нэгбүрчлэн хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар II хэлэлцүүлэг явагдана. Тус хэлэлцүүлгээр нийт 52 санал хураалт болно. Санал хураалтын дараа Ард нийтийн санал асуулгад орох эсэх асуудлыг шийдвэрлэх юм байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариулахдаа:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамгийн гол үндсэн зорилго бол төр засгийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад оршино. Тогтвортой, хариуцлагатай, төрийн бодлого, залгамж шинж чанартай байснаар эдийн засгийн өсөлт бий болж, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Дээр хэлсэнчлэн баялгийн сан бий болгосноор ирээдүй хойчдоо яаж хуримтлал бий болгох вэ, юуг нь дэд бүтцэд зарцуулах, юуг нь ажлын байр нэмэгдүүлэхэд зориулах вэ, мөн юуг нь тэтгэвэр тэтгэмж болгох вэ гэдэг агуулгаар газрын баялгаа ашиглахад баялгийн санд хуримтлал бий болох зохицуулалтыг тусгасан. Өнөөдөр эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхайгаас бүрддэг. Үүндээ төр нэгдсэн бодлоготой болно. Нөгөө талдаа Үндсэн хуульд бүх асуудлыг нарийн зааж өгөх боломжгүй. Харин тухайн харилцааны ерөнхий суурь зарчмыг нь тодорхой болгох нь чухал. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгож, байгалийн баялгийг иргэд, ард түмэнд тэгш хүртээмжтэй байх гэсэн хэд хэдэн суурь зарчмуудыг тусгахад чиглэгдэж байна. Ингэснээр эргээд иргэдийн өрхийн орлого, аж ахуй нэгжүүдийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар засаг тогтвортой байна. Засаг тогтвортой болсноор бодлого тогтвортой байна гэсэн үг. Бодлого тогтвортой байснаар улсын хөгжил тогтвортой болно. Хоёрдугаарт, Засгийн газрын өргөн барьсан төсвийг гишүүд дураараа өөрчлөхгүй болно. Ингэснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж нь бүрдэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн асуудал, боловсрол, эрүүл мэндийн асуудлууд жигд явна. Товчхондоо тогтвортой засаглалтай болно. Өнөөдрийг хүртэл Засгийн газар тогтворгүй байж ирсэн. Засгийн газрын дундаж наслалт 1.5 жилээс хэтэрдэггүй. Гуравдугаарт, шүүх хяналттай, хариуцлагатай болно. Шүүгчдийг эгүүлэн татах механизм бий болно. Шүүх хуулиа жинхэнэ ёсоор мөрддөг, улс төрөөс ангид болно. Дараагийн асуудал нь УИХ хариуцлагатай болно. УИХ-ын 39-өөс дээш гишүүн хууль баталдаг болно гэсэн тайлбарыг өглөө.