Улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус яамнаас “Цэвэрхэн наадацгаая” уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлж ажиллаж байгааг мэдээллийн эхэнд онцолсон юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “БОАЖЯ-наас хандлагаа өөрчилье аяныг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд үндэсний их баяр наадмаар байгаль орчиндоо “Цэвэрхэн наадацгаая” гэсэн уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлэн ажиллаж байна. Энэ ажлын үр дүн гарч байгаа учраас ахин явуулж байна. Тодруулбал иргэд маань хог ангилан хаядаг болж. Хогийн ангилан хаях ажлыг дэмжиж, БОАЖЯ улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож байна. Ирэх есдүгээр сараас энэ ажлын үр дүнг танилцуулна. Мөн Үндэсний Хөгжлийн Газар хувийн хэвшлийн концессын шугамаар хог хаягдлын гэрээг тун удахгүй үзэглэнэ. Ингэснээр Монгол улс хогоо өөрсдөө ангилан боловсруулдаг улс болно. Энэ жилийн баяр наадмыг гаднын 10 гаруй мянган жуулчин үзэх төлөвтэй байна гэсэн хүсэлтийг аялал жуулчлалын холбооноос ирүүлсэн. Мөн 3500 суудлыг олгох хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг бид судалж ажиллаж байна. Манай төв цэнгэлдэх хүрээлэн өөрөө 12 мянган хүний суудалтай. Гэтэл хүсэлт ирүүлсэн бүх жуулчдыг хамруулах юм бол иргэд өөрсдөө наадмын нээлтээ үзэх боломжгүй болно. Бид энэ жил нэг сая гаруй жуулчин хүлээн авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэтэл Монгол улсын талаар таагүй мэдээ гарах болгонд манай улсыг зорих жуулчдын тоо багасч байна. Гэхдээ бидэнд дэвшил гарч байна Тухайлбал бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниуд маань ариун цэврийнхээ чанар стандартыг сайжруулж байгаа” гэлээ.
БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан: “Монгол улс 2020 гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд жуулчдын тоог жил бүр 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ онд жуулчдын тоо эхний дөрвөн сарын байдлаар 10 орчим хувиар нэмэгдсэн. Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд гол тулгарч байгаа асуудал нь Монгол улсад орж байгаа агаарын тээврийн орцны асуудал байна. Энэ урсгалыг нэмэхгүйгээр жуулчдынхаа тоог нэмэх боломжгүй. БОАЖЯ-наас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран Монгол улс руу орж байгаа агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллаж байна. Ингэснээр жуулчдын тоо 20-иос дээш хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн визийн асуудал дараагийн шалтгаан болж байгаа. 2019 оны байдлаар Монгол улсад 20 орчим улсын иргэд визгүй зорчдог. Үүнээс 5-6 улс нь аялал жуулчлалын зорилтод зах зээлийн улс байна. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхээр манай яам Засгийн Газрын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна.
Мөн наадмын нээлт ихэвчлэн Монгол хэлээр явагддаг. Гадны жуулчид ойлгохгүй байх тохиолдол гардаг. Иймд энэ жил наадмын дараа “Naadam Night” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тодруулбал нээлтийн арга хэмжээн дээр тоглогдсон тоглолт тэр чигээрээ оройн арга хэмжээнд тоглогдож, хөтлөлтөө англи хэл дээр явуулах аж.