Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд өнөөдөр АТГ-т очиж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгчээ.
Үүнийхээ дараа тэр олон нийтийн ФБ сүлжээнд лайв хийж цацлаа.
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа, тухайн үеийн УИХ-ын дарга намайг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн ийм мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д мэдэгдэлгүй авчихсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг бас хань татаж байгаа юм байна. Ийм юм бол байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд гарч явна.
УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу, асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юмаа. Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүрч ир гээд байгаа юм байна. Ирж над шиг мэдүүлгээ өгөөрэй. Өөрөө бол мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн 3 жил өөрийн чинь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс чинь бүгд ойлгомжтой байгаа.
Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгчихсөн нь дээр юмаа. Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани нь авах уу гэдэг шийдвэрийг УИХ тухайн үедээ гаргах ёстой байсан.
Одоогийн УИХ 49 хувийг улсдаа авна гэдэг шийдвэр гаргасныг манай иргэд бол ойлгосон байх аа. Тэгэхээр ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдан авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу байх ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед нь Ч.Сайханбилэг дур мэдэн эдлүүлээгүй нь одоо буруудаад байгаа болохоос, зарсан ОХУ буруу гэх арга алга.
Худалдан авсан компани санхүүгийн эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлж авсан бол бас буруу гээд байх юм алга. Тийм учраас энэ хэргийн учрыг хуулийн олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй, хурдан шуурхай шийдвэрлүүлье.