Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн завьяагийн урд байрлах нүхэн гарц анх 1988 онд баригдаж, саяхныг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй. Иймд тус нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дуусчээ.
Нийт 130 орчим сая төгрөгөөр засварласан тус нүхэн гарцад худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүс наймаа хийх зориулалтгүй гэдгээрээ онцлогтой. Өмнө нь дөрвөн худалдаа эрхлэгч тогтмол үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үүнээс ч өмнө 1990-ээд оноос хувь хүмүүс энд ямар нэг зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулж байжээ.
Шинэчлэн засварласан тус нүхэн гарцын шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулсан байна. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулжээ. Цаашид камерын хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хэлснээр 2015 онд уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн тамгын газарт 870 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгөөр шилжүүлсэн ч зардлаа дийлэхгүй байна гэх шалтгаанаар эзэнгүй хаягджээ. Тэгвэл шинэчлэн засварласан нүхэн гарцын гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулахаар болжээ. Ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг “Элит” констракшн хариуцах юм байна.
Улаанбаатар хотод гурван нүхэн гарц байдгийн нэгийг ийнхүү шинэчлэн засварласан бол цаашид үлдсэн хоёр нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар судалгааны ажлыг хийх аж.