ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн (2019.06.19) хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны гол сэдэв нь концессын гэрээний асуудал байлаа. Нийт 20 орчим гэрээ хийгдсэн байгаа бөгөөд тэдгээр нь барих, шилжүүлэх буюу Засгийн газарт шууд өрийн дарамт болж очихоор гэрээнүүд байсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг үлдээж, бусад гэрээнүүдийг цуцлах шийдвэрийг гаргажээ. Жишээлбэл, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын концессын гэрээг цуцалсан байна. Учир нь аж ахуйн нэгжүүд урт удаан хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ гүйцэтгээгүй байна. Нөгөө талаар концессын гэрээг барих, шилжүүлэхээр явах нь цаашид Засгийн газар өрийн дарамтаа дийлэхгүй нөхцөл байдал үүсгэхээр байгаа гэсэн тайлбарыг өглөө.
Мөн Дорноговь аймгийн Сайншандын Дэлгэрэх суманд холбох 130 км замын концессын гэрээг цуцалжээ. Цуцлагдсан концессын гэрээнд бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээ багтсан байна.
Цаашдаа концессоор гангын үйлдвэр барих, жишээ нь Хөтөлийн цементтэй холбоотой асуудлыг өнөөдөр ярьсан байна. Мөн л концессын гэрээг цуцлах асуудлыг судлах чиглэлийг Үндэсний хөгжлийн газарт өгчээ.
Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэлжлүүлэхээр болсон. Тухайлбал, Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл байгаа. Гэхдээ барих, шилжүүлэх гэрээний нөхцөлийг барих, ашиглах, шилжүүлэх болгож сунгахаар болсон байна. Аж ахуйн нэгж нь үүнийг хүлээн зөвшөөрсөн юм байна. Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн автозамтай холбоотой төслийг барих, ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт ямар нэгэн санхүүгийн дарамт учруулахгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзжээ.
Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай автозамыг дээрх нөхцөлөөр хийхээр болсон байна.
Бусад концесстой холбоотой асуудлыг гэрээг нь түдгэлзүүлэхээр болжээ. Засгийн газрын зүгээс барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авах юм байна. Ийм саналууд ирсэн таван концесс үлджээ. Бусад нөхцөлд концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэсэн гэлээ.
Ийнхүү Засгийн газраас өнөөдөр 11 концессын гэрээг цуцлах шийдвэрийг гаргалаа. Цаашдаа Үнэлгээний хорооноос гаргах дүгнэлттэй холбоотойгоор цуцлагдах гэрээнүүдийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа юм. Концессын гэрээнүүдийг цуцлах болсон бас нэгэн шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа Засгийн газраас зарласан концессын гэрээн дээр ихэвчлэн Засгийн газрын болон УИХ-ын гишүүдийн лобби ордог, мөн тухайн аж ахуйн нэгжүүд боломжгүй, чадамжгүй хэрнээ гэрээг авдаг, түүнчлэн цаг хугацаандаа хэрэгжүүлээгүй гэх асуудлуудыг дурдаж байлаа. Тиймээс концесс, зээл зэрэг асуудлуудад цаашид Их хурлын гишүүд оролцохоо болих хэрэгтэй, энэ нь эрсдэл үүсгэнэ гэдгийг мөн хэллээ.
Концессын асуудлын хүрээнд аж ахуйн нэгжүүд ажлаа эхэлчихсэн, эхлээгүй гэх маргаан үүсэх нь дамжиггүй. Тийм учраас Захиргааны хуулийн дагуу Үндэсний хөгжлийн газарт сонсох үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгжүүдийг оруулаад Үнэлгээний комисс газар дээр нь очиж үзээд дүгнэлт гаргаж байгаа юм байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд цаг алдалгүй өөр шийдэл рүү орох нь зүйтэй гэдгийг мөн энэ үеэр сануулж байлаа.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.