Улс орны гадаад, дотоод орчин нөхцөл, эдийн засгийн харилцаа, хурдтай өөрчлөгдөж, мэдээллийн технологийн ололтыг ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон харилцааны бусад сувгаар дамжуулан зар сурталчилгааг түгээх арга, хэлбэр улам боловсронгуй болохын хэрээр Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг цаг үеийн байдалд нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийг боловсронгуй болгох талаар яам, агентлаг, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
УИХ-аас 2002 онд Шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Зар сурталчилгааны тухай хуулийг баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хуулиар зар сурталчилгаанд тавигдах шаардлага, зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулж ирсэн билээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зар сурталчилгааны тухай хуульд зарим харилцааг нарийвчлан тусгаагүй, зарим нэр томьёог оновчтой томьёолоогүй, зарим зүйл, заалтаар зохицуулагдаж байгаа харилцаа хэт ерөнхий байгаагаас хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байгаа юм. Тухайлбал, Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх үүргийг Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон эм, био бэлдмэл, эрүүл ахуй, байгаль орчин, барилга, тээвэр, гааль, татвар, Мэргэжлийн хяналтын алба, тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавих бол тухайн орон нутгийн хэмжээнд мэдээлэл тараадаг мэдээлэх хэрэгслээр түгээсэн зар сурталчилгаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний томилсон байцаагч хяналт тавих эрх, үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заасан.
Үүнээс харахад хуулийн хэрэгжилтэд төрийн хяналт тавих нэгдмэл удирдлага, зохион байгуулалтыг бий болгох, төрийн байгууллага, албан тушаалтнуудын ажлын уялдаа, холбоог хангах зорилгоор хуулиар хүлээсэн эрх үүргийг оновчтой болгох зайлшгүй шаардлага үүсэж байна.
Иймд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн үзэл баримтлалыг олон нийтээр хэлэлцүүлж, гарсан санал, зөвлөмжийн дагуу олон улсын жишиг, хөгжлийн чиг хандлагад нийцсэн зар сурталчилгааны хуультай болохоор ажиллаж байна.