УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргасан юм. Тэрээр санал хураалтыг гар өргөж ил явуулъя гэсэн юм. Учир нь цахим төхөөрөмжөөр санал хураах явцад гишүүдийн санал буруу гарлаа, хурууны хээ уншсангүй зэрэг гомдлууд гардаг тул ийм маргаан, эрсдэл гаргахгүйн тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед гар өргөж ил санал хураах горимын саналыг гаргав.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Тогтохсүрэн гишүүний гаргасан саналыг анхаарах ёстой гэж бодож байна. Эсрэг санал өгч байгаа хүн нь харагдахгүй болчихно. Төлөөлөл нь ямар санал өгч байгааг олон нийт хараг л дээ. Гар өргөөгүй нь харагдахгүй шүү дээ. Эсвэл эсрэг санал өгсөн гишүүдийн нэрийг дурд. Тийм учраас электрон самбараар нэр нь гараад яваг” гэсэн юм.
Ингээд Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналаар санал хураахад 62 гишүүний 85.5 хувь нь дэмжиж, 9 гишүүн татгалзсан тул гар өргөж ил санал хураахаар болов. Улмаар 61 гишүүн гар өргөж, Ц.Даваасүрэн гишүүн татгалзсанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ц.Мөнх-Оргил гишүүн хүндэтгэх шалтгаантайгаар хуралдаанд оролцоогүй.
Ийнхүү хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.