УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар Монгол улсын иргэдийн холбогдсон хар тамхины хэргийн талаар хаалттай мэдээлэл сонссон юм. Энэ өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэн ноцтой мэдээлэл хийсэн. Тэрээр “2015 онд тангуулын байгууллага хилийн тагнуулыг татан буулгасан. Үүнээс үүдэж хилээр орж ирж байгаа хар тамхи хяналтгүй болсон гэж ярьж байна. Одоо ч тангуулынхан, хууль хүчний байгууллагынхан хар тамхины наймаа хийдэг. Монголд хар тамхи хэрэглэдэг, наймаалцдаг мафи хүчээ авч байна. Энд төрийн байгууллага оролцдог гэсэн мэдээлэл УИХ-д ирж байна. Хар тамхины наймааны ард тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье. Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг. Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурцын ах дүү нар тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан. Ял авсан нөхдийг буюу Даваадоржийг Англи руу, найзуудыг нь Хонгконг, Хойд Солонгос руу явуулсан. Тамхины наймаачдын бүлэг хар тамхины наймааны бүлэг болж хувирлаа” гэж хэлсэн юм.
Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц үүнийг үгүйсгэж “Ор үндэслэлгүйгээр нэр хүндэд халдаж, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэж үзэн Ж.Батзандан гишүүний нэр дээр гомдол гарган өчигдөр (2019.06.17) Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Одоогоор уг гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов гараагүй байна.
Харин өмнөх асуудалтай нь холбоотой шүүх хурлын тов гарчээ. Өмнө нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн л өөрийг нь гүтгэсэн гэж Ж.Батзандан гишүүний талаар гомдол гаргаж байв. Харин шүүхээс Б.Хурцын талаар 2018 оны хоёрдугаар сарын 12-нд хийсэн үндэслэлгүй мэдээллүүддээ няцаалт хийхийг Ж.Батзандан гишүүнд даалгасан, Ж.Батзандан гишүүн давж заалдаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байдаг юм.