Хүний бие байнга ямар нэгэн хэмжээгээр өвдөж, шалтгааныг нь олж чадахгүй байвал эрүүл мэнддээ анхаараарай. Магадгүй стрессээс болж бие махбод тань шаналж байгаа ч юм бил үү. Стресс таны эрүүл мэндийг сүйтгэж байгааг сануулах 10 шинж тэмдгийг жагсаая.
- Арьсны өвчлөл.
Хайрст үлд, батга болон арьсны бусад өвчин стрессээс болж гарч чадна. Эрдэмтэд хэсэг оюутны дунд судалгаа явуулж, сэтгэл зүйн өндөр ачаалал арьсны асуудалтай холбогддог болохыг нь тогтоожээ. Оготно дээр явуулсан туршилт ч мөн ийм үр дүнг харуулсан байна. Сэтгэл зүйн стресстэй нөхцөлд байсан амьтад арьсны халдварт илүү өртөж байв.
- Жин тогтворгүй байх
Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр ч жингээ тогтворжуулж чадахгүй байна уу. Хэт их стрессээс болж огцом жин нэмэх боломжтой. Стрессийн даавар болох кортизол их хэмжээгээр байнга ялгарснаар хүн илүү ихээр идэж, бие махбод нь тестостерон бага ялгаруулж, бага калори шатааж эхэлнэ. Үүнийг дагаад хүн таргалдаг байна.
Заримдаа стресс, сэтгэл санааны хямралаас болж хүн огцом турдаг. Үүнд цусан дахь адреналин нэмэгдэх нь нөлөөлдөг байна. Үүний улмаас бодисын солилцоо эрчимжиж, тосны хүчлийн солилцооны хурд буурна. Түүнчлэн эрдэмтэд CRH даавар стрессийн үеэр турахад нөлөөлдгийг тогтоожээ.
- Ханиад томуу байнга тусах
Стрессийн үеэр бидний биед кортизол даавар ялгарч, үрэвслийг дарангуйлдаг. Харин архаг стресст орсон үед дархлалын систем кортизолд мэдрэг бус болж, үрэвслийн үйл явцыг түргэсгэж, бие махбод ханиад томуунд өртөмтгий болдог. Тиймээс юм л бол даарч хөөрсөн, халдвартай хүнтэй ойр байснаас өвчин үүссэн гэж буруутгаж болохгүй. Байнга өвдөөд байвал аль болох санаа зовохгүй байхыг хичээгээрэй.
- Ходоод гэдэсний хямрал
Стресс нь ходоод гэдэсний замын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг. Заримдаа гэдэс өвдөх, дүүрэхэд эм тан тус болдоггүй. Энэ тохиолдолд сэтгэлзүйчид хандах нь илүү дээр байх нь бий. Эмч таны сэтгэл зовнилын шалтгааныг олоод тусална.
- Анхаарал сулрах
Удаан хугацааны турш стресст орсон хүн тодорхой асуудал дээр төвлөрөхөд хүнд байдаг. Хэрвээ та хэтэрхий хайнга, анхаарал сул болсон байвал бага зэрэг амраад аваарай. Мэдрэлийн хэт ачаалалд орсон ч байж мэднэ шүү дээ.
- Үс унах
Стрессээс болж үс халцрах, халзрах боломжтой гэж эрдэмтэд үздэг. Хэрвээ таны үс шингэрч, витамин уугаад, уналтын эсрэг шампунь хэрэглээд ямар ч үр дүнгүй байвал дахиад л стрессээс болсных гэнэ. Тиймээс үсээ сайхан болгоё гэвэл нервтэхээ болих хэрэгтэй.
- Толгойн өвдөлт
Толгойн өвдөлт олон арван шалтгаантай. Остеохондроз буюу үений шохойжилт, эвгүй байрлалаар унтсан, даралт ихэдсэн, эсвэл багадсан, гайморит, жирэмслэлт болон бусад гээд шалтгаануудыг дурдаж болно. Гэхдээ заримдаа толгойн өвдөлт сэтгэл санааны хэт их ачааллаас ч болдог. Эм уугаад толгойн өвдөлтийг түр намжааж болох ч амьдралдаа стрессийн нөхцөлөөсөө салж чадахгүй бол байнга л толгой өвдөж шаналгана.
- Бэлгийн дур сонирхолгүй болох
Сэтгэл санаагаар унасан, үе үе стресст орсон үед бэлгийн дур сонирхол буурдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ. Тиймээс хайртай хүнтэйгээ дотносоогүй удсан бол үүнд шаналж, хэрэлдэх хэрэггүй. Ингэлээ гээд байдал сайжрахгүй. Шалтгаан нь стресс бол байдлыг улам л хурцадна гэсэн үг. Харин ч хоёулаа тайван амрах аргаа олохыг хичээгээрэй.
- Нойрны асуудал
Стрессийн нөхцөл байдал нойрны ноцтой асуудлын шалтгаан болж мэднэ. Сэтгэл санааны гүн хямралаас болж нойргүйдэлд орж болно. Энэ бол маш таагүй үзэгдэл. Учир нь бүрэн бүтэн нойр авахгүйгээр хүн ажиллаж, амьдралын сайн сайхныг мэдэрч чадахгүй. Сайн унтаж амарч чадахгүй байвал шалтгааныг нь олоод, арилгахыг хичээгээрэй.
- Зүрх судасны өвчлөл
Хүний зүрх гэдэг баяр баясгалан, уй гуниг гээд амьдралын олон ээдрээт үйл явдлыг давж гарах шаардлагатай болдог эрхтэн билээ. Стресс энэ эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна. Архаг стрессийн улмаас зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлтэй. Ажлын хүнд ачаалал, эсвэл ажилгүй байх, ядуу амьдрал, хэрүүл нь байдлыг улам л хүндрүүлнэ.