БЗД-т төсвийн хөрөнгийг хэрхэн хууль бусаар зарцуулж байгаа талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар мэдээлэл хийлээ.
Төлөөлөгч Г.Хонгор мэдээллийн эхэнд БЗД-ийн ИТХ хуралдаж 4 тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулах гэж байгаагаас 2 тэрбум 953 сая төгрөгийг тэвчиж болох зардлуудад зарцуулах гэж байна гэлээ.
Төсвийн тухай хуулинд шат шатны төсвийг ерөнхийлөн захирагч нар доод шатны байгууллагын төсвийн зардлыг шийднэ гэж заасан байдаг. Тухайлбал, ТЕГ-ын дарга дүүргийн татварын хэлтсийн бүхий л үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэдэг бол БЗД-ийн ИТХ-аас татварын хэлтэст 300 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөсөн зэрэг бусад асуудлуудыг дурдлаа.
Мөн Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай Засгийн газрын тогтоолд тусгаснаар төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяанд байдаг жишээ нь, амралт, сувилал, зусланг аж ахуйн тооцоонд шилжүүлж үйл ажиллагааных нь орлогоор зардлыг нь санхүүжүүлэх ёстой аж. Гэтэл Шижир амралтын газрын зөвхөн засварын ажилд 250 сая төгрөгийг тусгажээ.
Ийнхүү нийлбэр дүнгээр 2 тэрбум 953 сая төгрөгөөр нийгэмд ач холбогдолгүй зардалд санхүүжүүлэхээр тусгасанд төлөөлөгчид эсэргүүцэж буй юм байна. Тэдний зүгээс нэн хэрэгцээтэй, тухайлбал өрхийн эмнэлгийн, хорооны барилгын засварын ажилд, сургуулийн дэргэдэх камержуулалтын ажилд, сургууль, цэцэрлэгийн засварын ажилд, хүүхдийн тоглоомын талбай зэрэг үйл ажиллагааны чиглэлд 1 тэрбум төгрөг тавьсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байлаа. Энэ байдал удаа дараа давтагдаж байгаа аж. Тиймээс нийтийн эрх ашигт их хэмжээний хохирол учруулж байгаа энэ байдлыг иргэдийн оролцоотойгоор таслан зогсоох зорилготойгоор өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм байна. Мөн цаашид ямар арга замаар явах вэ гэдгээ тодорхойлсон гэлээ.
Дараа нь төлөөлөгч Б.Дэмбэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “БЗД-ийн ИТХ яагаад хүчин төгөлдөр бус байгууллага. Яагаад гэвэл одоо Ганчимэг гэж хүний хэрэглэж байгаа тамга бол хүчингүй болсон тамга. Энэ тамгыг хэрэглээд 2 жил гаруй хугацаа өнгөрлөө. ЗГХЭГ-аас энэ тамгыг хүчингүйд тооцсон. ЦЕГ болон УБЕГ-аас хүчингүй болсон тамгаа хураалга гэдэг албан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч ашиглаж байна. 4 тэрбум төгрөгийн зарцуулалтыг дахиад энэ хүчингүй болсон тамгаараа дарах гээд байгаа юм. Татварын мөнгийг хянах, үр ашигтай зарцуулах хүмүүс нь ИТХ-ын төлөөлөгчид бид. БЗД-ийн Иргэдийн хурлын шүүхийн маргаан эцэслэгдээгүй байгаа. Эрх зүйн чадамжгүй гүйцэтгэх засаглал, нутгийн өөрөө удирдлагын байгууллагатай учраас ИТХ-ын төлөөлөгчид нийлээд “Зөв дүүргийн төлөө” гэдэг ТББ байгуулсан. Бид олон нийтийн эрх ашиг хөндөгдөөд байгаа асуудлуудаар хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл хийнэ. Бидэнд ялангуяа аж ахуйн нэгжүүд маш ихээр хандаж байгаа. Жишээ нь, газрын төлбөр хураамж бусад сум, дүүргүүдийн хэмжээнээс үндэслэлгүйгээр олон дахин нэмэгдсэн. Тиймээс ард иргэд эрх чинь зөрчигдөөд хаана хандахаа мэдэхгүй, нутгийн өөрөө удирдах байгууллага, гүйцэтгэх засаглалд маргаантай асуудал байгаа бол бидэнд хандаж болно” гэлээ.