[starbox]
Францын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэгч Жанна Д Арк ” Би бол энэ агуу ард түмэн, улс орны эгэл жирийн охин. Намайг байгааг хэн ч анзаарахгүй” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл “Жижиг улсын том улстөрч байх хэцүү” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтанд явж байх үедээ ам алдсаныг түүнтэй ганзага нийлэн мордсон олон сэтгүүлч сонссон. Жижиг улсын том улстөрч хэмээх эл хувийн шинж чанартай дүгнэлт хаанаас бий болов оо?
Магадгүй Манжийн үеэс үлдсэн, дээд эрх мэдэлтнийг долоож долигоносоор байгаад магтаалын шүлсэнд орооцолдуулан тусгаарлаад авдаг муухай зан монголчуудад бий. Нялуун шүлсэнд олзлогдсон мөнөөх олзоо улам бүр шахан тусгаарлаж, шим шүүсийг нь сорон хөлждөг улс төрийн нэг арга барил гэж хэлж болно. Магтаалын шүлс эрх мэдэлд хүрсэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд, С.Баяр нарыг тойроогүй.
Эрх мэдлийн сэнтийгээс зүүгдээд мултарсан Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг ч бас хөөрхөн хүлээд амжсан. Нэг талаар магтаал бол хар тамхи. Эргээд харахад тэр хар тамхинд донтоогүй хүн үлдсэнгүй. Магтаалын шүлс хэмээх нялуун бүрхүүлийн цаанаас амьдралыг харах болсон эрхэм дээдсүүдийн амнаас “Жижиг улсын том улстөрч” гэсэн үг гарахаас аргагүй. Өөрийгөө томруулдаг шилээр харж, өрөөлийг багасгадаг дурангаар үздэг гэж орчуулж болно.
Ийм арга замаар тойрон хүрээлэгчдийнхээ магтаалын шүлсэнд живсэн агуу эх оронч манайд цөөнгүй. Том улстөрч, том эх орончдынхоо унадаг машин, өмсдөг хүрэм, барьдаг цүнхийг шүтэн биширдэг, үнэ ханшийг нь хэлэлцэн алга ташдаг жижиг ард түмэн гэсэн гаргалгаа үүний цаана нуугдаж байна. Том эх орончид олон асуудал дээр зөрчилддөг. Ялангуяа манайх шиг долоон аравныг хаалттай хаалганы цаана үдсэн улс орны улстөрчдийн олонх нь аливаа асуудалд өөрийн үзсэн, таньсан, уншиж судалснаар бус, өрөөлийн тархи угаах зарчимд автан ханддаг гэмтэй.
Яг ийм хэмжүүрээр Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл, төмөр замын бүдүүн ба нарийн цариг, Тавантолгойн нүүрс, Оюутолгойн гэрээ, Засаглалын гаргалгаа, ОУВС-ын зээл, татвар, авилга, офшор данс, тэр ч байтугай мүүн, мөнгө, утаа, төрийн албаны орон тоо, цэвэрлэх байгууламж гэхчлэн байж болох бүх асуудалд хандаж, уг сэдвээр ужиг удаан зөрчилдөн талцаж, хагаралдан муудалцасаар бараг л хагас жарныг үдлээ. Үр дүнд нь эх оронч, эсвэл урвагч гэсэн хоёр туйлын зүг хөл мэдэн хурдалж, савлуурдаж тоглодог зуршилтай болцгоов.
Нэгэнт агуу улстөрч хэмээх алмайралд автсан хүмүүст зөвлөлдөх, зөв бурууг шүүн тунгаах, эв нэгдлийг эрхэмлэх, буулт хийх, уучлах, ухаарах зэрэг ойлголт байхгүй. Өөр өөрийнхөөрөө зүтгэсээр өширхөл, хонзогнол дагуулах шатандаа явна. Агуу том улстөрчдийг даган ард түмэн савлаж, эх оронч, эсвэл урвагч гэсэн хоёр ерөнхий ангилалд эх орон, анд нөхөд, ангийнхан, ар гэрийнхнийгээ хүртэл хуваагаад амжсаныг бид алхам тутамдаа, олон жишээнээс харж болно.
Эх оронч Э.Бат-Үүл хотын хуучин муу ТҮЦ-үүдийг нүүлгэж, орчин үеийн царайлаг жижиг байшингуудаар сольсон нь саяхны явдал. Дөрвөн жилийн дараа Су.Батболд Э.Бат-Үүлийн ТҮЦ-үүдийг дахиад л хотоос арчив. Эх орон муухай харагдаж байна гэнэ. Эх оронч бус Э.Бат-Үүлийн арын хаалганы ТҮЦ-ийг зайлуулж, эх оронч Су.Батболд нийслэлд хайр зарласны үр дүнд бүрэн бус тоогоор 300-гаад айл амжиргаанаасаа салав.
Байшингаа зээлээр авсан хэдэн айл хохироод үлдсэн юм биш. Нэг айлын амьдрал гэдэг утгаараа бус, нийгмийн баялаг гэдэг утгаараа өчнөөн хөрөнгө үрэн таран болов. Үүнээс ч илүүтэйгээр иргэдийн жижиг бизнес эрхлэх итгэл, зориг мохов. Нийслэлээс гаргаж буй захирамж болгонд үл итгэх болж, үнэмшихүйн хэмжүүр алдагдав. Иймэрхүү хошин шогийн үзэгдэл бүх салбарт, өнө удаанаар, өргөс мэт шивсээр идээлж бээгээд, их үмхий ханх тавих боллоо.
Талцаж байгаа талууд өөрийн талд жин дарахын тулд хэвлэл мэдээллийнхэнд захиалга өгч, хоёр хүний маргаанаар улс орон амьсгалдаг зуршил бий боллоо. Ц.Нямдорж Л.Гүндалай нарын зөрчил, Х.Баттулга Ж.Оджаргал нарын хагарал, Ц.Элбэгдорж Н.Энхбаяр нарын эвдрэлцэл гээд тоолоод байвал энэ жагсаалт дуусахгүй. Ямартаа л хоёр эмэгтэйн босгосон шуурга нэг хэсэг нийгмийг бүрхэж, мүүнчин ба мүүнчин бус хэмээсэн хоёр туйлд хуваагдчихаад цагийн зүү шиг нийгмээрээ цадиггүй муухай савлаж байхав.
Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн болон, сонгодог парламентийн засаглалын хоёр талд хор найруулж, иргэний тэмцэлд ч ард түмнээ дуудаж болзошгүй байгааг Д.Дорлигжавын мэдэгдлээс харж болно. Энэ бүх хуваагдлын ард эх оронч хэмээх эрхэм ойлголт шавхайтай хутгалдан золиослогдсоор ирлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас авсан ХХБ-ныхан хойд хөршийн эзэмшсээр ирсэн хувийг улс орондоо авчирсан эх орончид.
Тэгвэл нөгөө талд нь үүнийг илчилж төрийн мэдэлд авчрахаар зүтгэсэн Ц.Нямдорж бас л эх оронч. Хэн нь эх оронч байсныг маргааны эцсийн шийдэл бус, цаг хугацаа, үр дүн харуулна гэдгийг умартан ширүүхэн үзэлцдэг, үүгээрээ улс төр хийдэг, нэр нөлөөгөө ихэсгэдэг ядруухан арга ямбатнуудын маань заншил болж хувирлаа. Хэн ялах нь чухал бус, аль шийдвэр нь ард түмэнд ашигтай нь ч бас огт хамаагүй, зөвхөн үйл явдлын халуун нурман дээр үнэ цэнэ, нэр төрөө өсгөхөөр шоудах нь л ашигтай байх тохиолдол олон. Энэ мэтийн жишээ дуусахгүй.
БСШУ-ны яамны газрын дарга Л.Насанбаяр, цэнхэр үст Цэрэн нарын шуугиан энэхүү талцлын хамгийн “ичиж үхмээр” түүхийг бичсэн байдаг. Одоо ч тэд цахим ертөнцөөр нэг нэгнийгээ доромжилж, “…муу авгай чинь..” гэхчлэн үг шидэлцсээр суудаг юм билээ. Л.Насанбаярыг өмөөрвөл мүүнчин, эх орноосоо урвагч болж золиослогдчих гээд, Цэрэнг дэмжвэл зоригт эх оронч болж мандах гээд нийгмээрээ хэсэг сандарч давхисан нь үнэн.
За мүүн ч яахав. Засгийн газар солигдож, сайд томилогдох тоолонд яамдынхаа тоо толгой, нэр усыг сольсоор ирсэн нь өөрөө өмнөхөө үгүйсгэж, өөрийгөө эрхэмлэж буйн том жишээ.ОУВС-аар дамжин орж ирэхээр яригдсан 5,5 тэрбум ам.долларыг гар сунган авахаар хөөцөлдсөн Б.Чойжилсүрэн урвагч, татвар нэмэх гэж зүтгэсэн МАН шулаач гэсэн хайр найргүй нэр хоч зүүж байхад нөгөө талд нь эл зээлээс татгалзан үгээ хэлсэн хүмүүс ч бас улс орноо хямрал руу түлхсэн шарваач болж хувирав.
Ялагчгүй маргаан, хожигчгүй тоглоом хэмээн энэ мэтийн талцлыг тодорхойлж болно. Ямар ч үр дүнгүй, үсрэнгүй хөгжил авчрахгүй, ядуурлаас салгахгүй энэ мэтийн маргаан эцсийн эцэст юу авчрах вэ хэмээн асууя. “Колоничлол талцуулан хагаралдуулах замаар ирдэг” гэсэн алдартай ишлэлийг энд дурдахад илүүдэхгүй. Хэлсэн эзэн нь эх орон нэгтнүүддээ баригдан дайснууддаа хүргэгдэж, тамлуулан амиа алдсан Робин Гүүд хэмээх түүхэн тэмцэгч. Шинэ цагийн эх орон, эзлэн түрэмгийлэл хэмээх ойлголт илэрхий өөрчлөгдсөн.
Нэг ч удаа буу дуугаргаж, ганц ч сум тавилгүйгээр аль нэгэн улс орныг эдийн засгийн аргаар, үзэл санааны үгүйрлээр дамжуулан булаан эзэлдэг шинэ арга барил өнгөрсөн зуунаас хэрэгжиж эхэлснийг олон улсын шинжээчид сануулах болсон нь оргүй үг биш. Үүний тулд тухайн улс орныг зүрхгүй болгох хэрэгтэй. Зүү шиг үгсээр хутган үймүүлэх хэрэгтэй. Эх оронч, урвагч хоёрын хэнд нь ч итгэхгүй болгох хэрэгтэй. Зүрх сэтгэл, итгэл найдваргүй, шүтэх шүтээн, залбирах үзэл баримтлалгүй болгох хэрэгтэй. Ийм л амархан.
Эх оронч хэмээх гайхалтай хүчтэй алдар цуу ямар ч ард түмний хувьд үеийн үед дуурсагдах үзэл санааны туйл байдаг. Урвагч хэмээх удам дамжин дуудагдах увайгүй хоч аль ч улс орон, хувь хүний хувьд аллага, дайн тулаан, цуст мөргөлдөөний үндэс болдог. Эл ойлголтуудыг юу ч биш болгон хямдруулж тоглох нь өөрөө эгэл түмнээ хагаралдуулж, эх орноо ганхуулах хамгийн шилдэг технологи юм.
Эх оронч хэмээх эрэмгий туг шавар шавхайтай хутгалдан ганхахад итгэл үнэмшилгүй ард түмэн үлддэг. Тэд эх орноо хаян нүүдэллэхэд хэзээ ч бэлэн байдаг. Үе үеийн цагаачдын гаргасан зөрөг зам эл технологийн дагуу улам бүр тод, улам бүр өргөн, улам бүр эмгэнэлтэй болсоор ирсэн сүүлийн жишээ бол Сири. Монголчууд бид ч бас энэ замаар алхаж байна. Агуу эх орончдын агуу талцал ард түмэн гэх юмгүй улс орныг анчдын саварт үлдээдэг түүх ердөө л энэ!