“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ХААН Банк болон Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор хамтран өчигдөр (2019.06.05) “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ.
1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан ХААН Банкны хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд, тэр дундаа хойч үедээ үнэтэй хөрөнгө оруулалт болох нэгэн санаачилгыг эхлүүлсэн нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болон үр шимээ өгч эхэлж байна.
ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар “Ногоон төсөл”-ийн уралдаан зарлажээ. Тус уралдаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарч, ХААН Банк Сангаас тухайн төслийг нь санхүүжүүлсэн байна.
Төслийн хүрээнд тус цогцолборын Хөгжлийн хөтөлбөрт “Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийг шинэчлэн нэвтрүүлснээс гадна, Хөгжил мэдээллийн ордны хоёр танхимд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ. Ингэснээр жил бүр тус цогцолборт амрагч 40 мянган хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй аж. Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд, цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой гэдгийг ХААН банкны удирдлагууд онцолж байлаа.
“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Найрамдал” зуслангийн 1-р ээлжинд амарч буй 500 гаруй хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо. Амрагчдын хувьд багш нартайгаа амьд байгалийн тухай хөгжилдөн ярилцаж, ууланд авирах дасгал сургуулилт хийх, үлэг гүрвэлийн түүх сонсох зэргээр шинэ мэдлэг мэдээллээ хуваалцаж байсан юм.
ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан өнгөрсөн хугацаанд хүүхэд залуусын боловсрол, байгаль орчны чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн төдийгүй цаашид ч компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлд авч үзнэ гэдгээ илэрхийллээ. Тус банк нь хоёр жилийн өмнөөс компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бодлогын хүрээнд дэмжин ажиллах, урт хугацаанд банкны үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм байна. Тус зорилтын хүрээнд НҮБ-ын зүгээс бизнесийн байгууллагуудын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хамгийн том санаачилга болсон “Даян дэлхийн гэрээ”-нд ХААН Банк 2018 онд банк санхүүгийн салбараас сайн дураар анхлан элсчээ.
Харин Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын хувьд 1978 онд үүсгэн байгуулагдсан. Тус цогцолбор нэг ээлжиндээ зундаа 600 орчим, өвөлдөө 250 гаруй амрагч хүүхдүүд хүлээн авдаг ба жилд нийт 40 мянга гаруй хүүхэд хүлээн авч, тэднийг хөгжлийн хөтөлбөртөө хамруулан олон талаас нь жигд хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, урлаг, байгаль орчин, гар урлал болон бусад чиглэлээр хөгжлийн хөтөлбөрт хамруулан амарч байх хугацаандаа хүүхдүүдийг ямар нэг чиглэлээр өөрийгөө хөгжүүлэн, суралцуулахыг гол зорилгоо болгодог байна.