“Сүү” хувьцаат компанийн тарагнаас үхсэн хулгана гарч ирлээ гэх мэдээлэл сошиалд тарж олон нийтийг багагүй шуугиулсан. Нэгэн иргэний нүүр номдоо оруулсан зурагнаас үүдэлтэйгээр төрөл бүрийн санал шүүмжлэл өрнөөд одоо бараг мартагдах шахжээ. Нэг хэсэг нь “Сүү” хувьцаат компанийн бүтээгдэхүүнээс татгалзлаа гэж бухимдсан бол нөгөө хэсэг нь “Сүү”-гийн тарагнаас үхсэн морь гарч ирсэн ч үнэнч хэрэглэгч байсаар байх болно хэмээн хошигнож байв. Энэ үйл явдлаас хойш сар гаруй болсон ч үйлдвэр хариуцлагагүй байв уу, үхсэн хулгана гарч ирлээ гэсэн иргэн хариуцлагагүй мэдээлэл түгээсэн үү гэдгийг нягталж хэрэглэгчдэд бодит мэдээллийг хүргэх үүднээс манай сонин сурвалжиллаа.
Мэргэжлийн хяналтын байгууллага энэ үйл явдалд Зөрчлийн хэрэг нээж, хэд хэдэн удаагийн шинжилгээ хийжээ. Мөн “Сүү” хувьцаат компанийн үйлдвэрийн шат дамжлага, үйл явцыг газар дээр нь очиж нягталсан байна. Тэр бүү хэл гомдол гаргасан иргэний худалдаж авсан өдрийнх нь тарагны дээжийг авч шинжлэхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан гэнэ.
Тарагнаас гарч ирсэн хулганыг Зоонозын өвчин судлалын төвөөр шинжлүүлж, тухайн тарагнаас уусан таван настай хүүхдийн ХӨСҮТ-д өгсөн шинжилгээний дүнгээр “но” илрээгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Энэ мэт олон баримтаар нотлогдсоны дагуу дүүргийн прокуророос “Сүү” хувьцаат компанитай холбоотой Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Бид энэ сурвалжлагаараа мэргэжлийн хяналтын байгууллага болон гомдол гаргасан иргэний мэдээллийг тэнцвэртэй хүргэхийг зорьсон ч иргэн Б-тэй холбогдож чадсангүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр тэрээр гомдол гаргасныхаа дараа гэнэт холбогдохоо больж утсаа салгасан байна.
Г.Мөнхтуяа: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШАТ ДАМЖЛАГЫН ЯВЦАД ГАДНЫ БИЕТ ОРОХ БОЛОМЖГҮЙг ТОГТООСОН
Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Г.Мөнхтуяатай ярилцлаа.
-“Сүү” хувьцаат компанийн тарагнаас хулгана гарсан гэх мэдээлэл гарсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрхэн гарсан бэ?
-2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр иргэн Б-гээс “Сүү” хувьцаат компанийн таргийг худалдаж аваад тарагнаас хулгана гарлаа гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж тарагнаас гарсан хулганыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлсэн. Мөн “Сүү” хувьцаат компани дээр очиж хяналт шалгалт хийж тухайн өдрийн үйлдвэрлэсэн тарагны дээжийг авч шинжилсэн. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарганд унасан гэх хулгана нь гэрийн бор хулгана байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн халдварт өвчин үүсгэгч илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Харин “Сүү” хувьцаат компанийн тарагны дээжийг шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан.
-Таван настай хүүхэд тараг уусан гэж байсан?
-Тараг уусан таван настай хүүхдийг ямар нэг өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ялгадасны шинжилгээ хийлгэсэн байдаг. Энэ шинжилгээний хариуг лабораториос нь очиж авахад хүүхдээс эмгэг төрөгч илрээгүй буюу ямар нэг өөрчлөлт гараагүй гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан.
-Тэгэхээр үйлдвэрийн дамжлагын үеэр тарганд хулгана унасан нь худлаа болж таарав уу. Гомдол гаргасан иргэнтэй холбогдоход юу гэсэн бэ?
– Гомдол гаргагч иргэн Баянзүрх дүүрэгт гэрт амьдардаг. Өөрөө хэлэхдээ тухайн үед хөргөгч эвдэрсэн байсан учраас таргийг ил задгай 2-3 хонуулж бага багаар хүүхдэдээ өгч байсан гэдгээ гомдолдоо дурдсан байгаа. Мөн иргэн Б гомдол гаргачихаад удалгүй холбогдохоо больсон. Утас нь холбогдохоо болиод харилцаа холбоо тогтоох боломжгүй болсон. Хэдийгээр тэр хүнтэй холбогдож чадахаа больсон ч гомдлын дагуу хуулийн хүрээнд бүх ажиллагаагаа хийсэн. Гомдол гаргасан иргэн рүү 22 удаа залгаж мессеж бичээд холбогдож чадаагүй. Тиймээс Зөрчлийн хэрэг хаагдсан. Магадгүй иргэний сэрэмжгүй байдлаас болж тарагныхаа амыг боохгүйгээр хадгалснаас гадны биет орсон байх магадлалтай. Ер нь иргэд ямар нэг гомдол мэдээлэл түгээхдээ хариуцлагатай байхгүй бол олон хүнийг айдаст автуулж төөрөгдүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж хохирол учруулах том эрсдэлтэйг энэ жишээ харуулж байна.
-“Сүү” хувьцаат компанийн үйлдвэрийн шат дамжлагад хяналт хийсэн үү?
-“Сүү” хувьцаат компанийн бүх дамжлага технологийн үйл явцыг газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн. Тухайн үйлдвэр түүхий эд буюу сүүгээ хүлээж авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх технологийн дамжлага урсгал нь битүүмжлэлээр явдаг учраас гадны ямар нэг биет орох боломжгүйг хяналт шалгалтаар тогтоосон. Эцсийн дүгнэлтээр “Сүү” хувьцаат компанийн үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад гадны биет орох боломжгүй. Хоёрдугаарт, тухайн тарагийг уусан гэж мэдүүлсэн хүүхэд шинжилгээгээр ямар нэг эмгэг өвчингүй гэж харсан. Гуравдугаарт, тухайн иргэний гаргасан гомдлын хүрээнд “Сүү” хувьцаат компанийн үйлдвэрлэсэн нэг литрийн савлагаатай жимстэй тарагны тухайн өдрийн дээжийг үйлдвэрээс авч шинжлэхэд стандартын шаардлага бүрэн хангасан. Энэ олон баримтаар нотлогдсон учраас гомдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэж прокурорт шилжүүлсэн. Прокурор хянаад Зөрчлийн хэргийг хаасан байгаа.
-Зөрчлийн хэргийг прокурор хянадаг. Тэгэхээр үндэслэлгүй гэдгийг нь нотолсон гэсэн үг үү?
-Бидний нээсэн Зөрчлийн хэргийг прокурор хянасан. Эхний 14 хоногт дээрх шинжилгээнүүдийг бүрэн хийж, холбогдох бичиг баримтыг цуглуулсан. “Сүү” хувьцаат компанид хяналт шалгалт хийж дотоод хяналт зэрэг холбогдох мэдээ материалыг гаргуулж авсан. Ингэж олон баримтаар нотолсны үндсэн дээр Зөрчлийн хэргийг хаасан мэдэгдлээ прокуророос ирүүлсэн.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин