Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн гишүүд дэмжсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор багагүй шүүмжлэлүүд гарах болсон. Өөрөөр хэлбэл, ард түмний гол унаа болсон приус маркын автомашиныг 2021 оноос эхлэн явуулахгүй, хориглох гэж байна хэмээн иргэд бухимдаж буй.
Тэгвэл энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тайлбарласнаар шинэчилсэн найруулгад орсон шинэ заалтад баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос хойш явуулахгүй биш, бүртгэхгүй байхаар Ажлын хэсэг тусгажээ. Харин яамны зүгээс баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг бүртгэхгүй байх тухай заалтыг авна гэсэн байр суурьтай байгаа гэдгийг өмнө нь ч мэдэгдсэн, одоо ч илэрхийлсээр байна.
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг явагдаагүй байгаа учраас хэлэлцүүлэг явагдаад, байнгын хороогоор ороход нь тэр заалтыг татаж авна гэдгээ салбарын сайд нь хэллээ. Яагаад гэвэл иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаа энэ үед гол хэрэглэж байгаа унаа нь приус байна. Тийм учраас судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, шат дараатай хэрэгжүүлэх ажил тул энэ заалтыг татаж авч байгаа юм гэсэн тайлбарыг өглөө.