Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун аймгууд руу зорчих онгоцны тийзийн үнийн асуудлаар өнөөдөр (2019.06.05) мэдээлэл хийлээ.
Тэрээр “Баруун таван аймаг руу зорчих нислэгийн тийзний үнийг бууруулахаар Ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг нэлээд судалж үзээд үнэ буулгах бололцоо байж болох юм гэдэг эхний мэдээллийг ирүүллээ. Тэд хэд хэдэн хувилбарыг гаргаж ирсэн.
Улаанбаатар-Увсын чиглэлд шууд зардал 6 сая 364 мянга 668 төгрөг гарч байна. Шууд бус зардал 3.1 сая төгрөг гарч байгаа. Хамгийн өндөр тариф нь 650 мянган төгрөг, дундаж нь 200-300 мянган төгрөг.
Өлгий чиглэлд шууд зардал 7.1 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг байна. Өндөр тариф нь 724 мянган төгрөг, дундаж нь 400 мянган төгрөг.
Ховд чиглэлд шууд зардал 6.4 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг байна. Өндөр тариф нь 650 мянган төгрөг, дундаж нь 320 мянган төгрөг.
Говь-Алтай чиглэлд шууд зардал 5.4 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг байна. Өндөр тариф нь 600 мянган төгрөг, дундаж тариф нь 310 мянган төгрөг.
Завхан чиглэлд шууд зардал 5.5 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг байна. Өндөр тариф нь 600 мянган төгрөг, дундаж тариф нь 250 мянган төгрөг байна.
Тийм учраас эхний байдлаар тийзний үнийг 30-50 хувиар бууруулбал боломж байна уу гэдгийг судалж үзье гэж байгаа. Авиа компаниудтай ч ярилцаж байна. Баруун аймгуудын чиглэлд 7 хоногт үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх замаар зардлуудаа тэнцүүлэх боломжийг судалж байна. Мөн МИАТ компанийг түрээсийн онгоц оруулж ирж, орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, билетийн үнийг буулгахад анхаарах тал дээр мэдээллүүд авч байна.
Өнөөдрөөс эхлэн туршилтын нислэг хийж байгаа” гэлээ.