Засгийн газар өнөөдөр (2019.06.05) хуваарийн дагуу ээлжит хуралдаанаа хийж, түрээсийн орон сууцны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Бадельхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
1542 айлын орон сууцны газрыг болон инженерийн дэд бүтцийг нь төрөөс шийдэж түрээсийн орон сууцны зориулалтаар барьж байгаа учраас түрээсээр олгоё гэдэг шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ. Хөгжлийн банкны зээлээр энэ орон сууц ашиглалтад орж байгаа учир гарсан зардлаа тухайн орон нутагт шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртгөө төлөх түрээсийн орон сууцад шилжүүлэхээр болсон байна. Нэг ёсондоо Улаанбаатарт баригдсан 972 айлын орон сууцыг нийслэлийн захиргаанд шилжүүлж байгаа юм байна. Харин нийслэл иргэдэд ямар журмаар яаж олгох асуудлыг өөрсдөө шийдэх аж. Гагцхүү таван жилийн хугацаанд түрээслээд цаашид өмчилж авах зохицуулалттайгаар шийдэж болох гэнэ.
Түрээсийн орон сууц нь анх ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан барилга. ТОСК нь өмнөх Засгийн газрын үед өрөнд орсон тул дутуу барилгыг нь Хөгжлийн банкинд шилжүүлсэн байна. Ингээд Хөгжлийн банк дутуу эх үүсвэр болох нийт 110 тэрбум төгрөгийг гаргаад энэ 1542 айлын орон сууц ашиглалтад орж байгаа юм байна. Тиймээс одоогоор Хөгжлийн банкны балансад байгаа гэсэн үг.
Харин Засгийн газрын тогтоол гарснаар түрээсийн орон сууцыг зээлтэй нь хамт орон нутагт шилжүүлэх юм байна. Тэгэхээр Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатарын захиргаад иргэдэд орон сууцаа түрээсээр олгоод, өмнө нь батлагдсан журмын дагуу өмчлүүлж болох аж. Журмаас товч сануулахад, таван жил түрээслээд, 30 хувийг нь төлөөд ипотекийн зээлд хамрагдах, эсвэл тодорхой хугацаагаар түрээсийн гэрээгээ тохирч төлөөд байраа өмчилж авах боломжтой.
Нийслэл дэх 972 айлын түрээсийн орон сууц нь нийт 75 тэрбум төгрөгөөр босч байгаа бөгөөд 1 м.кв-ын өртөг нь 1 сая 460 төгрөг болжээ. Бүртгэлийн асуудлыг Улаанбаатар хотод бол Нийслэлийн орон сууцны корпорациас зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх мэдэл нь шилжиж буй учраас тухайн орон нутгийн захиргаа өөрсдийн журмаар хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна. Өмнөх сайдын журам тэгэхээр үйлчлэхгүй гэсэн үг юм.