Эрэн сурвалжлагдаж байхдаа цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдийн хэргийг болон бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэдэнд ял оноолоо.
Шүүх шийтгэх тогтоол гаргаж:
Шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
Шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477 сая буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял оноолоо.
Харин шүүгдэгч Б.Энхбаярт тус зүйл ангиар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.