Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар тус сумын харьяат 13 настай охин М явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон. Түүнийг алга болсны маргааш нь энэ талаарх мэдээллийг албаныханд мэдэгдэж, дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 8-наас 13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг зогсоосон юм.
Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр өчигдөр (2019.06.04) 09:13 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч 2 нохойтой 243 км замыг туулан 19:45 цагт очиж, тус багийн “Товогийн-Ар” гэдэг газарт нисгэгчгүй төхөөрөмж /дрон/ нисгэн эрэн хайх ажиллагаа явуулах газрыг танджээ. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул орой 21:40 цагт ажлаа түр зогсоогоод өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Охины алга болдог Товогийн-Ар гэдэг газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т оршдог аж.