ОУВС-гаас манай арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг өгсний дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн тайлангаа Монголбанкинд хүргүүлээд байгаа юм байна. Харин ОУВС-гаас хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудыг эх үүсвэрээ ил тод зарлахыг шаардаж байгаа аж. Хэрэв эх үүсвэрээ нотолж чадахгүй бол ОУВС-гаас манай улсад олгох зургаа дахь шатны санхүүжилт саатах нөхцөл байдал үүсэх учраас зургадугаар сараас наймдугаар сард банкуудад дахин хяналт үнэлгээ хийхээр болжээ.
Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлнэ.
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад гурван жилийн хугацаатай 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт үе шаттайгаар орж ирэхээр болсон. Хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд ОУВС-аас Монгол Улсын Засгийн газарт таван үе шаттайгаар 221 сая ам.долларын санхүүжилт олгожээ.