-Микрофоноо унтраагаагүйгээс болоод эвгүй байдалд орсон улстөрчдийн фактыг хүргэж байна-
“Хүндэт эх орон нэгтнүүд ээ! Өнөөдөр би Орост хуулиас гадуурх мөнхийн цаг хугацаа зарлах зарлигт гарын үсэг зурсан гэдгээ та бүхэндээ дуулгахад таатай байна. Бөмбөгдөлт таван минутын дараа эхэлнэ” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1984 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Америкийн радиогийн шууд эфирээр хэлсэн юм. Тэрбээр ингэж микрофоноо ажиллаж байгаа эсэхийг шалгаж л дээ.
Гэтэл микрофон ажиллаж таарчээ. Хүйтэн дайны үед ид оргилдоо байсан үе болохоор санамсаргүй хэлсэн үг нь дэлхийн хэвлэлүүдээр нэг тархаж, ЗСБНХУ-аас эрс хариу өгөхөд хүргэжээ.
Рональд Рейганы хувьд ийм өдөөн хатгалга хийхийг хүсээгүй ч байж мэднэ. Тэгвэл өнөө цагт гар утас болгон дуу хураагууртай болчихсон ийм нөхцөлд ийм төрлийн дуулиан тасралтгүй гарах төлөвтэй.
Лавров болон “дебилүүд”
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн хамгийн туршлагатай дипломатчдын нэгд ордог. Тиймээс АНУ-ыг бөмбөгдөх зэрэг болгоомжгүй үг түүний амнаас унана гэж үгүй. Гэхдээ тэрбээр 2016 оны 08 дугаар сарын 11-нд микрофоны дуулианы гол баатар болсон юм.
Тэрбээр Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейртэй хэвлэл хурал хийж, орчуулагч Сирийн сөрөг хүчний тухай мэдээллийг нь хүргэж байв. Гэтэл Лавров уурсан толгой сэгсэрснээ микрофонд санамсаргүй “Дебилүүд” гээд хэлчихжээ. Дараа нь арай зөөлөн үгээр энэ үгээ сольсон байна.
Үүний дараа Гадаад хэргийн албан ёсны төлөөлөгч Мария Захарова нь ийм үг хэлэхийг нь сонсоогүй гэжээ.
Владимирт дамжуулаарай
2012 оны 03 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын яриаг мөн л сонсох ёсгүй байлаа. Гэтэл Сөүлд болсон 1,5 цагийн хэлэлцээрийн дараах бяцхан яриа мөн л санамсаргүй бичигдэж түгжээ.
Медведев, Обама нар Европ дахь Америкийн пуужин эсэргүүцэх системийн асуудлыг хөндөж байв. Үүнийг Москвагаас дэмждэггүй.
Обама пуужин эсэргүүцэх системийн асуудлыг шийдвэрлэж болно гэж Оросын төрийн тэргүүнд хэлсэн байна. “Гэхдээ надад цаг өгөх нь чухал. Энэ бол миний сүүлчийн сонгууль. Үүнээс хойш надад илүү их боломж гарна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч тайлбарлахад Медведев “Би ойлгооо. Би үүнийг Владимирт дамжуулна” гэж товчхон хариулжээ.
“Хөөе, Блэр”
“Хөөе, Блэр, юу байна даа?”. Америкийн Ерөнхийлөгч бага Жорж Буш Британийн Ерөнхий сайд Тони Блэртэй 2006 онд Санкт-Петербургт болсон “их найм”-ын дээд хэмжээний уулзалтаар уулзахдаа ингэж мэндчилжээ.
Микрофоноо унтраасан гэж бодсон Буш Блэртэй сурсан зангаараа ярьж, хэд хэдэн хатуу үг хэлээд, Британи-Америкийн холбоонд хэн гол үүрэгтэй вэ гэдгийг хүртэл сануулаад авчээ. Тухайлбал Буш “НҮБ Сирид нөлөөлж, Хезболлад энэ тэнэг үйлдлээ хийхийг хориглох ёстой” гэжээ.
Энэ үг Британийн хэвлэлүүдээр тарж, 2007 онд Оксфордын толь бичигт хүртэл “Хөөе, Блэр” гэдэг үг хүртэл гарч ирсэн байна.
“Нетаньяхуг харахаас нүд хорсож байна”
Барак Обамагийн болгоомжгүй хэлсэн үг олон. 2011 оны G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Францын тухайн үеийн Ерөнхийлөгч Николя Саркозитой тэрбээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн талаар ярилцаж л дээ.
Гэтэл тэд микрофоноо унтраахаа мартсан байсныг сэтгүүлчид өмнө нь тараан өгсөн цахим хөдөлгөөнт орчуулгын төхөөрөмжийн тусламжтайгаар сонсчихжээ.
“Би түүнийг дахиж харна гэхээс нүд хорсон байна. Тэр бол худалч” гэж Саркози Нетаньяхугийн тухай ярихад Обама “Тэр чамайг ингэж залхаасан бол надад ч ярих юм үнэхээр алга. Би түүнтэй өдөр бүр ажиллах шаардлага гардаг шүү дээ” гэж шүүрс алджээ.
Трампын болгоомжгүй үг
Аудио файлууд заримдаа хэдэн жилийн дараа илэрдэг ч бас л дуулиан шуугиан тарих чадвараа алддаггүй.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын эрт дээр хэлсэн үг сонгуульд золтой л ялагдалд хүргэчихээгүй билээ. 2016 оны 10 дугаар сард “Вашингтон Пост” Трампын хөтлөгч Билли Буштэй хийсэн яриаг олонд дэлгэжээ.
Энэ хоёрын яриа “Бидний амьдралын өдрүүд” олон ангит киноны зураг авалтын талбай руу явах үед өрнөсөн байна. Трамп энэ киноны нэгэн үзэгдэлд тоглож байсан юм. Трамп Билли Буштэй ам халах үеэрээ эмэгтэй хүнийг хэрхэн эзэмдэх вэ гэдгийг ярьжээ. Тэрбээр эмэгтэй хүнийг хэрхэн шүүрч авах тухай ярьсан энэ бичлэг нийгэм даяар шуугиан тарьсан юм. Зарим хүн Трампыг Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татахыг уриалж байсан бол улстөрчид Трампыг ялах магадлал үгүй боллоо гэж байв.
Гэсэн ч өнөөдөр Цагаан ордонд хэн эзэн суусан нь ойлгомжтой байна.